Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Таванбогд" компани "KFCLAND - Аз жаргалын хотхон" байгуулна гэж мэдэгдээд буй. Уг асуудалд "Иргэд тохижилт гэсэн халхавчинд тус хүрээлэнд салбар нээх гэж байна. Энэ бол иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар" хэмээн бухимдлаа илэрхийлсээр байна. Мөн улс төрчид байр сууриа илэрхийлж, эрс эсэргүуцэж байгаа юм.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул: KFC компани 2014 оноос хойш байгууллагынхаа ойг тохиолдуулан тохижилт, бүтээн байгуулалт хийх хүсэлтийг тавьж, төслөө бичиж, хөрөнгөө босгосон.
Ингээд манай төлөвлөлтийн дагуу 1.1 га талбайд 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө босгож, хүүхэд, залуучууд, ахмадууд, гэр бүлүүдэд зориулсан тохижилтын ажил хийхээр болсон юм. Энд ямар ч худалдаа үйлчилгээ, хөшөө, дурсгал байхгүй. Мөн ногоон байгууламж сүйтгэхгүй, олон улсын стандартад нийцсэн зүлэг хийж, мод тарина” хэмээн тайлбар хийсэн байдаг.
Гэвч тайлбар хийсэн ч эл асуудал аль хэдийнээ газар аваад байна. Хамгийн ихээр хэл ам дагуулж буй асуудал, ногоон байгууламжийн зураг төсөл юм. Томоос том KFC гэх лого байршсан нь хүрээлэнгийн утгыг алдагдуулж байна гэж олон нийт үзээд байна. Ингээд энэ асуудалтай холбоотой байр суурийг хүргэж байна
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮЛЭЭЛЭНД ГАЗАР ШОРООНЫ АЖИЛ ЭХЛЭХ ЮМ БОЛ БИД МАЙХНАА БАРИАД СУУНА Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч асан О.Гэрэлт-Од:
Монгол Улс түүхэндээ хоёр удаа үндэсний хэмжээний ногоон байгууламж байгуулсан юм байна. Үүний нэг болох Хүүхдийн паркийн газраас "Бодь" групп, жижиг олигархууд хашаалаад байхгүй болгочихсон. Дотор нь байсан ганц гайгүй ресторан нь биеэ үнэлэгчдийн оромж болсон.
Харин Үндэсний соёл амралтын хүрээлэнг 2005 онд НИТХ-ын шийдвэрээр хамтарсан ХХК болгож өөрчилсөн. Тухайн үед хотын даргаар М.Энхболд ажиллаж байв. Яг энэ арга Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд бий болох гээд байна.
Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн хотын ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлдэг. Гэтэл Ц.Баатарсайхан энэ газарт "KFC Land" барина гэнэ.
KFC Mongolia албан ёсны пэйж хуудсандаа "Бид нар 2018 оноос хойш дүүрэг болгонд хандсан. Нэг нь ч зөвшөөрч, газар өгөөгүй" гэжээ. Тэгэхээр дүүргүүдэд хандсан албан бичгээ, хариутай нь хамт гарга гэх хүсэлтийг тавимаар байна."
Тэрбээр үргэлжүүлэн, Таванбогд групп Хөгжлийн Банкнаас 100 гаруй тэрбум төгрөг авсан ч ганцхан тэрбум төгрөгийг зориулалтын дагуу ашигласан гэдгийг нээлттэй сонсголоор сонссон биз дээ.
Монголд KFC байгуулаад 10 жил болж байгаа бол нийгмийн хариуцлагын хүрээнд хотын захын гэр хороолол руу бүтээн байгуулалтаа хийгээч ээ. 1.1 га газар гэдэг дунджаар 20 айлын газар юм билээ. Тэгэхээр 20 нүхэн жорлон, янданг байхгүй болгох боломжтой.
Хэрэв Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд газар шорооны ажил эхлэх юм бол бид майхнаа бариад сууна.
НЬЮ-ЙОРКИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД НЭГ Ч БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГЫН ЛОГО, РЕКЛАМ БАЙДАГГҮЙ ШҮҮ!УИХ-гишүүн Б.Энхбаяр
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол олон нийтийн, ашгийн төлөө бус, олон хоолны газрын аль нэгт давуу байдал олгодог газар биш. “Тохижуулах” халхавчаар бусдад давуу байдал олгох нь албан тушаалын гэмт хэрэг шүү. Таван богдын Баатарсайхан энийгээ боль! Өөр газар хоолоо зарах хэрэгтэй.
Ямар ч том компани бай, ямар ч их мөнгөтэй бай олон нийтийн орчинд Таван богд групп өөрийн компанийн логогоо ийм томоор цемент зуурч хийх нь буруу! Төр нь ч гэсэн ийм хямдхан бүү бай. Нью-Йоркийн цэцэрлэгт хүрээлэнд нэг ч бизнесийн байгууллагын лого, реклам байдаггүй шүү!
ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД KFC ГАЗАР УХАЖ БАЙГААГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙУИХ-ын гишүүн Б.Саранчимэг
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж нь 85%, үлдсэн хувь нь зам талбай байх ёстой. Энэ бол Парк биш Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Ийм учраас тохижилтын ажлыг хийхдээ ногоон байгууламж сүйтгэж болохгүй. Ногоон байгууламжийг бий болгохын тулд хэчнээн хөрөнгө мөнгө зарцуулдгийг Ү.Оюулзул дарга өөрөө мэднэ. Хийгдсэн ногоон байгууламж дээр дахин өөр шинэчлэлт оруулахгүй.
Одоогийн байдлаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 81 ТҮЦ байна. Энэ байдлаас болж хүрээлэнгийн үндсэн кон алдагдаж байна. Ундны усны эс үүсвэр дээр байгаа учраас барилга байшин барихгүй, зам талбай хийе гэсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаж байсан. Гэвч өнөөдөр ерөнхий төлөвлөгөө алдагдаж байгаад сэтгэл эмзэглэж байна.
Цаашид анхаарч хяналт тавьж ажиллах байх. Цэцэрлэгт хүрээлэнд KFC газар ухаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол Улаанбаатар байгаа ганц ногоон зүрх болж байгаа газар. Төлөвлөгөөний дагуу шинэчлэлт тохижилтоо хийх хэрэгтэй. Ундны усан дээр байрласан ногоон байгууламжаа хамгаалах хэрэгтэй.
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД ЯМАР НЭГЭН БУРГЕР, ТАХИА ЗАРАГДАХГҮЙ ГЭДГИЙГ АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН ЯАМАНД МЭДЭГДСЭНБОАЭЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ
Бид нар шинэ төлөвлөгөө болон хөрөнгө оруулалтынхаа асуудлыг хийгээд явах нь зөв юм байна гэсэн байр суурьтай байгаа.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүгээс гаргаж байгаа асуудал нь буруу зүйл биш. Яагаад гэвэл төсөв нь хүрдэггүй. Жилдээ 2.5 тэрбум орчим төсөвтэй үүний 70 хувь нь урсгал зардал буюу цалин, нийгмийн даатгалд зарцуулагддаг. Цаана нь хөрөнгө оруулах мөнгө үлдэхгүй учраас манаачийн байдалтай ажиллаж байгаа. Төр хувийн түншлэлийн хүрээнд, хувийн компаниудаас хөрөнгө оруулалт татсан. “Таван богд” компани заавал хөрөнгө оруулах шаардлага байхгүй. Бид ажлаа зогсооно гэвэл өнөөдөр ч зогсооход бэлэн байгаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ямар нэгэн бургер, тахиа зарагдахгүй гэдгийг аялал жуулчлалын яаманд мэдэгдсэн.