Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах нөхцөлийг хангах хүрээнд хотын 38 стандарт мөрдөгдөж буй. Өнгөрсөн сард үүн дээр нэмэгдэн “Дуу чимээний бохирдол”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтэц” зэрэг 14 стандартыг нэмж баталсан билээ.
“Хотод мөрдөгдөх ёстой 38 стандартыг хоёр жилийн хугацаанд боловсруулж өнгөрсөн жил батлуулсан. Стандартыг мөрдүүлэхэд дөрвөн төрлийн явц байдаг.
- Ажлын даалгавар дээрээ тусгана
- Иргэд болон аж ахуйн нэгжүүдийг мэдээллээр хангана
- Төлөвлөлтийн баримт бичиг дээрээ тусгаж гүйцэтгэж байгаа албан байгууллагууд дээрээ очиж зөвлөнө
- Ажлыг хүлээж авахдаа хяналт тавина
Энэхүү нийтээр дагаж мөрдөх ёстой стандартуудыг аливаа тохижилт бүтээн байгуулалтын ажил эхлээд дуусах хүртэл зөв мөрдсөнөөр төсвийн хөрөнгө үр ашигтай зарцуулагдана. Цаашлаад тухайн хийсэн ажлын насжилт ч уртсаж, жил дараалан хөрөнгө мөнгө гарздаж засварлах шаардлагагүй болно.
Өнгөрсөн сард нэмж батлагдсан хотын 14 стандарт энэ оны аравдугаар сараас эхэлж мөрдөгдөх аж. Уг стандартад орон сууцны барилгуудын дээвэр, дулаалгыг хэрхэн хийх, сургууль, цэцэрлэгийн барилгад ашиглаж буй будаг эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэх зэргийг тусгасан байна.