Б.Түвшинтөгс: Засгийн газрын өр 30 их наяд төгрөгт хүрч, жил бүр 800 тэрбум төгрөгийг хүүнд төлж байна
Төсвийн шинэчлэл сэдэвт хэлэлцүүлэг Блү Скайд зочид буудалд эхэллээ.МУИС-ийн багш Б.Түвшинтөгс сүүлийн арван жилд Төсвийн тогтвортой байдлын хууль хамгийн тогтворгүй буюу олон удаа өөрчлөгдсөн талаар илтгэл тавьж байна. Дараа нь УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн төсвийн шинэчлэл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн мэргэжилтэн н.Сүхдэлгэр тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар танилцуулна.МУИС-ийн багш Б.Түвшинтөгс:Сүүлийн арван жилд юу болсон талаар танилцуулъя. Төсөв хэт үрэлгэн явсаар иржээ. Хэрэв бид 2012 оноос хойш Төсвийн тогтвортой байдлын хуулиа дагасан бол ямар байх байсан бэ?
Яагаад хэт үрэлгэн байсан гэхээр хүүхдийн мөнгө, вакцины 50 мянган төгрөг гэх мэтээр бэлэн мөнгө их тараасан. Эдгээрийг хэрэгжүүлээгүй бол эдийн засаг ямар байх байсныг Тооцоолох ерөнхий тэнцвэрийн загвар ашиглан, орц гарцын хүснэгтээр симуляц хийсэн.
Төсвийн зарлага ДНБ-ий 25 хувиас хэтрэхгүй байв. Өр тавих шаардлагагүй, өмнөх өрөө төлж, Засгийн газрын сахилга бат сайн, эдийн засаг дахь төрийн оролцоо бага байх байв. Бид 2017 оноос хадгаламжтай болох байжээ. Засгийн газрын өнөөдрийн үнэ цэнээр тооцсон өр 30 их наяд төгрөг болсон. Энэ өр бага байх байв. ДНБ-ий бодит өсөлт өнөөдрийнхөөс илүү байх байв. Учир нь Засгийн газар хадгаламжаа хөрөнгө оруулалтад зарцуулах байв. Өр тавьдаг биш 7.6 их наяд төгрөгийн хадгаламжтай Засгийн газартай байх байжээ. Ийм хэмжээний мөнгө эдийн засаг руу орох байв. Үүний зөвхөн хүүнээс жилд 900 тэрбум төгрөг олох боломжтой байсан. Энэ эх үүсвэрээ тэтгэврээ нэмэх гэх мэт зардлаа санхүүжүүлэх байв.
Төрийн удирдлагаас бусад салбар тэр дундаа барилгын салбар ихээхэн хөгжих байв. Энэ бүхэн алдагдсан боломж.
Сүүлийн арван жилд бид Төсвийн тогтвортой байдлын хуулиа мөрдөөгүй. Үүний уршгаар хувийн хэвшлийг эдийн засгаас шахан гаргав. Өрөөр эдийн засгаа санхүүжүүлсэн нь онцгүй. Энэ бол тогтворгүй эдийн засгийн загвар.
Засгийн газрын өр ханшийн нөлөөгөөр байнга өсдөг. Бид жилд 800 тэрбум төгрөгийг өрийн хүүнд төлж байна. Энэ бол маш их мөнгө. Үүгээр хэчнээн цэцэрлэг барих байв?
Сангийн сайд Б.Жавхлан бид дефолтын ирмэг дээр ирээд буцсан гэж ярьсан. Аргентин, Венесуэлд л тохиолддог энэ үзэгдэл яагаад бидэнд тулав? Энэ эрсдэл хол биш байсныг санууллаа. Төсвийн тогтвортой байдлын хуулиа дагаагүй тул бид ийм байдалд хүрсэн.
Энэ судалгааг хийсэн манай багийн санал бол төсвийн алдагдал ДНБ-ий 2 хувиас хэтрэхгүй гэсэн заалтыг 0 болгох. Ингэснээр алдагдалгүй төсөв баталж, алдагдлаа санхүүжүүлэхийн тулд дахин зээл авах хэрэггүй болно гэв.