Л.Энх-Амгалан: Боловсролын салбар сүүлийн хоёр жилд цалингаа 30 хувь нэмсэн
Боловсролын салбарын багш, ажилтнууд цалингаа нэмүүлж, нийгмийн баталгаагаа хангуулахын төлөө нийслэлийн төв талбайд өнөөдөр жагсаж байна.
Энэ асуудлаар Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан "Багш нарын цалин нэмэгдээгүй гэх нь буруу ойлголт. Боловсролын салбар сүүлийн хоёр жилд цалингаа 30 хувь нэмсэн.
Засгийн газар, яам, Үйлдвэрчний эвлэл нь гурван талт гэрээтэй бөгөөд хоёр жил тутамд дүгнэдэг. Хоёр жилийн өмнө хийсэн гэрээгээр нийт багшийн цалинг 30 хүртэл хувиар нэмж, үр дүнгийн санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлэх үүрэг хүлээж, биелүүлсэн. Өнөөдөр багшийн доод цалин 1,005,000 төгрөгөөс эхэлж байна.
Харин 2,000,000 төгрөгөөс дээш цалинтай цэцэрлэгийн 2,416, ЕБС-ийн 5,140 багш байгаа. Чадварлаг багш хамгийн өндөр цалин авах тогтолцоо руу явах ёстой. Багш нар 2,000,000 төгрөгөөс дээш цалин авч байгаа багшийн хэмжээнд ур чадвараа дээшлүүлж, хоцрогдолтой хүүхдүүдтэй ажиллан үр дүн гаргавал ийм боломж бий" гэлээ.