МИАТ ТӨХК нь орлого нэмэгдүүлж, зардал бууруулах замаар үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг 2021-2022 онд авч хэрэгжүүлсний хүрээнд Засгийн газрын гадаад баталгаа бүхий АНУ-ын EXIM банкны санхүүжилтийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулснаас гадна В767-300ER агаарын хөлгийг худалдан авах гүүрэн санхүүжилтийн зорилгоор МУХБ-с авсан зээлийг мөн хугацаанаас нь өмнө төлж барагдуулсан байна.
Мөн МИАТ ТӨХК-ийн хэрэгжүүлж буй үр ашиг нэмэгдүүлэх багц ажлуудаас дурдвал:
• Зардал бууруулах цогц төлөвлөгөөний 66 ажлын хүрээнд сар бүр 800 сая төгрөгийн урсгал шинжтэй хэмнэлт, нийт дүнгээр 8.8 тэрбум төгрөгийн хэмнэлт бий болгосон,
• Засгийн газрын баталгаатай PEFCO банкны B767-300ER JU1021 агаарын хөлгийн зээлийн төлбөрийг 2022 оны 06-р сард урьдчилан төлсөн,
• ОХУ-ын агаарын орон зайд дамжин өнгөрөх олон улсын даатгалд хамрагдсанаар зуны ачаалалтай сар бүр 2 тэрбум төгрөгийн шатахууны зардлыг хэмнэсэн,
• Агаарын хөлгийн шатахууныг худалдан авах үнийг бууруулснаар сард 700 сая төгрөгийн хэмнэлт бий болгосон,
• B737-MAX EI-MNG агаарын хөлгийг Тунис улсад нойтон түрээсээр ашиглуулж байгаа нь ойролцоогоор 4 тэрбум төгрөгийн нэмэлт орлого үүсгэсэн,
• 2022 оны эхний хагас жилд агаарын хөлгийн засвар үйлчилгээнээс 9.0 тэрбум төгрөг, газрын техник үйлчилгээнээс 7.4 тэрбум төгрөгийн орлого олсон,
• Аялал жуулчлалын хөгжүүлэх Засгийн газрын бодлогыг дэмжих зорилгоор А330-343 агаарын хөлгийг зуны ачаалалтай саруудад Малайз Улсын Air Asia Berhard компаниас нойтон түрээсээр түрээслэн авч ашигласнаар Европын чиглэлд тулгамдаад байсан зорчигч эргэлтийг бүрэн хангаж Франкфуртын чиглэлт 7 хоногт 6 удаа, Истанбулын чиглэлд 7 хоногт 3 удаагийн давтамжтай нислэг үйлдэж зорчигч тээвэрлэлт 12.5 мянга, ачаа тээвэрлэлт 206.7 тонноор өсч 5.6 сая ам.долларын нэмэлт орлого олсон.
Мөн ачаа тээврийн зориулалттай Боинг 757-200F агаарын хөлгийг дунд хугацааны стратеги зорилтод тусгаж ачаа тээврийн бие даасан бизнес хөгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа аж.