“Койн авч өгнө“ хэмээн 81 саяын хохирол учруулсан этгээдэд 2 жилийн ял оноов
Иргэн Б нь өөрийн найз Г-ээс 2021 оны есдүгээр сарын 23-наас 2021 оны арван хоёрдугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд “койн авч өгнө, хүүтэй мөнгө зээлье” гэх мэтээр хуурч 10 удаагийн үйлдлээр нийт 81.600.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
Тэгвэл Баянгол прокурорын газрын хяналтын прокуророос Б-г “үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.