Л.Амар: Зээлийн чанарыг авч үзвэл 10 зээл тутмын нэг нь чанаргүй
Монголын Банкны холбоо, Банк санхүүгийн академиас "Банкны харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаа" болон "Банкны салбарын 2022 оны тойм" судалгаа, банкны салбар, макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулж байна.
Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар: "Банкны салбарын 2022 оны гүйцэтгэл" сэдвийн талаар танилцуулав.Тэрээр "Энэ оны банкны салбар 2022 онд Монгол Улсын эдийн засгийг аварсан зураглал харагдаж байна. Өнгөрсөн онд хил гааль хаасантай холбогдуулан уул уурхайн салбар өсөлттэй байгаагүй. Банкны салбараас зээл олгосон худалдаа, үйлчилгээний салбарууд эдийн засагт өсөлт үзүүлсэн. Мөн өрхийн хэрэглээг дэмжихэд банкны салбар томоохон хувь нэмэр оруулсан. Энэ онд уул уурхай сэргэснээр эдийн засаг өсөх боломжтой. Тээвэр ложистикоос шалтгаалан бодлогын хүү өндөр тавигдах шаардлага тулгарсан. Өнгөрсөн оны сүүлээр зээлийн үлдэгдэл зургаан хувийн өсөлттэй. 2022 оны эхээр инфляцын түвшин нэмэгдэж аажмаар зээл олголт хязгаарлагдсан. Өрхийн эдийн засгийг хэрэглээ талаас дэмжсэн. Иргэдэд олгосон зээл 40 хувийн өсөлттэй. Нийлүүлэлт талаас нь харвал худалдааны салбарт олгосон зээл өссөн. Зээлийн чанарыг авч үзвэл 10 зээл тутмын нэг нь чанаргүй. Уул уурхайн салбарын гурван зээл тутмын нэг нь чанаргүй. Иргэдийн автомашин, картын зээлээ төлөх хандлага багассан. Банкнаас гадна бусад салбараас олгогдож байгаа зээл айл өрхүүдийг өрийн дарамтад оруулах эрсдэл үүсэж байна. Хадгаламжийн хүү нэмэгдэх хүрээлэлттэй байна. Учир нь бодлогын хүүг тогтмол нэмэгдүүлсээр 13 хувь болсон байна.
Хадгаламжийн хүү бодлогын хүүг дагаад өсөх хандлагатай. Энэ онд бодлогын хүү аажмаар буурах хүлээлттэй байна. Энэ тохиолдолд зээлийн хүү огцом нэмэгдэхгүй. Гадаад орчны тодорхой бус байдлаас шалтгаалан иргэдийн төгрөгийн хадгаламж буурсан. Валютын харилцагч 2 их наяд байдаг байсан бол одоо 5 их наяд болсон. Энэ нь ханшийн зөрүү дээр ашиг олох гэсэн арга ажиглагдаж байна.
Банкны эх үүсвэрийн доллар ихэсвэл сөрөг нөлөөлөл ихэснэ. Нийт эх үүсвэрийн гуравны нэг нь доллар буюу гадаад валют болсон. Эх үүсвэр талдаа доллар ихэссэн гэсэн үг. Харин нийлүүлэлт нь зургаан хувь буюу зээлийн уг хувь нь доллароор гарч байна. Иргэд харилцах хадгаламжаа долларт хөрвүүлснээр банкуудын гадаад валют татах нөөц бололцоог хязгаарлаж байна. Банкууд эх үүсвэрээ доллароор аваад төгрөгийн зээл гаргахыг Монгол банк хориглодог. Учир нь ханшийн эрсдэлд өртөх боломжтой. Сүүлийн хоёр жил банкны хувьцаа эзэмшиж байгаа хүний өгөөж хадгаламжаа давсан эерэг үзүүлэлттэй болсон" гэлээ.