Хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий "Бидний бахархал-Бидний ирээдүй" арга хэмжээ Сонгинохайрхан дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг Зэвсэгт хүчний 013, Дотоодын цэргийн 05, Хилийн цэргийн 0164 дүгээр анги болон Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын үйл ажиллагаатай Ерөнхий боловсролын сургуулийн 400 гаруй сурагчийг танилцуулж, НИТХ-ын дарга Б.Хуягбаатар тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцлоо.

Хүүхэд, залуучуудад тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ухамсарласан эх оронч иргэнийг төлөвшүүлэх үндсэн зорилготой тус уулзалт олон залуучуудад мэргэжил сонголтоо хийх, өөрийгөө олох, эх орноороо бахархах, эр цэргүүдийг хүндлэх гээд зөв мессежийг хүргэж чадсанаараа онцлог болж чадсан юм.
Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.ХУЯГБААТАР:“Бидний бахархал-Бидний ирээдүй” арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн ИТХ, Сонгинохайрхан дүүргийн Цэргийн штаб хамтран зохион байгуулж байна. Өнөөдрийн арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг улсын тодотголтой 25 сургуулийн ахлах ангийн 400 гаруй сурагч хамрагдаж байна. Гол зорилго нь ирээдүй хойч үедээ эх оронч үзлийг суулгах, мөн тэднийг анги нэгтгэлүүдтэй биечлэн танилцуулж, эх орон, алба хаагчдаараа бахархах, цэрэг эх оронч үзлийг суулгах зорилготой. Нөгөөтэйгүүр хүүхдүүдийн хүмүүжилд бага ч гэсэн нэмэр болно гэдэг үүднээс танин мэдүүлэх зорилготойгоор энэ ажлыг санаачлаад явж байна.

Өглөө автобусандаа суухдаа хүүхдүүдийн өөр хоорондоо ярьж байсан зүйл, өнөөдөр ингээд анги нэгтгэлүүдтэй танилцсаны дараах ярьж байгаа зүйлүүд өөр болсон байна. Тэр хэмжээгээр хүүхдүүдийн ойлголт, танин мэдэхгүй өөрчлөгдсөн гэсэн үг.