Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулагдаж байгаа хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий "Бидний бахархал" төсөл эх орон даяар хэрэгжиж байгаа билээ. Үүний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын цэргийн штаб Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран энэ сарын 23-ны өдөр “Бидний бахархал” арга хэмжээг дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг Зэвсэгт хүчний 013, Дотоодын цэргийн 05, Хилийн цэргийн 0164 дүгээр анги болон Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадад зохион байгууллаа.

Тус өдөрлөгт Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн хурлын дарга Б.Хуягбаатар, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулга, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа Б.Нямгэрэл, ахмад дайчдын төлөөлөл, ангиудын захирагч нар тэргүүтэй хүндэт зочид болон дүүргийн ерөнхий боловсролын 24 сургуулийн 400 гаруй сурагч оролцлоо.
“Бидний бахархал” арга хэмжээний хүрээнд сурагчдад эх орноо хайрлан хамгаалах, эх түүх, соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт лекц орж, энхийг сахиулах ажиллагаа, цэргийн албаны төрлүүдийг харуулсан үзүүлэн болоод байлдааны техник, хэрэгслийн үзэсгэлэнг дэлгэн харуулсан юм. Мөн анги байгууллага бүрт уран бүтээлчид сурагчдад зориулан эх орноо хайрлан хамгаалах, эх түүх, соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн урлагийн тоглолтыг өргөн барьсны зэрэгцээ ангийн алба хаагчид үзүүлэх тоглолтоо толилуулж сурагчдыг хугацаат цэргийн алба хаагчдын байртай танилцуулсан юм.

Тус арга хэмжээг нээж Иргэдийн хурлын дарга Б.Хуягбаатар хэлсэн үгэндээ “Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулагдаж буй “Бидний бахархал” төслийг нээж байгаадаа туйлын баяртай байна. Уг төсөл нь Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх, эх орноо хайрлах, эх орон, тусгаар тогтнол, эх хэл, үндэсний түүх, соёлоороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах итгэл, үнэмшлийг төрүүлэх, эрх чөлөөний үнэ цэн, учир холбогдлыг ухааруулан таниулах, эх оронч үзэл төлөвшүүлэх зорилготой юм Туурга тусгаар монголын ирээдүй, залгамж халаа болсон хүүхэд, залуучууд та бүхэн бидний зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож, нэгэн өдрийг эх орноороо, Зэвсэгт хүчний дайчдаараа бахархан өнгөрүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна” хэмээн онцлов.

Монгол цэргийн музейгээс “Түүх өгүүлэхүй” үзэсгэлэн, Зэвсэгт хүчний 014 дүгээр анги цэргийн инженерийн эд хэрэгслүүдээ дэлгэн танилцуулсан бол Зэвсэгт хүчний 084, 350 дугаар ангийн дайчид гардан тулааны үзүүлэх тоглолтыг үзүүлж, ЦДБЭЧ-ын уран бүтээлчид нийт сурагчдад зориулан урлагийн хэсэгчилсэн тоглолтоор бэлэг барьсан юм.
“Бидний бахархал” төсөл нь хүүхэд, залуучуудад тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ухамсарласан эх оронч иргэнийг төлөвшүүлэх үндсэн зорилготой юм. Цаашид шат дараатай хэрэгжих олон хөтөлбөр төлөвлөгөө байгаа бөгөөд танилцуулах ажил үргэлжилж байна