“Эх дэлхийн цаг” арга хэмжээ ирэх бямба гарагт болно
Дэлхийн байгаль хамгаалах сангаас жил бүрийн гуравдугаар сард “Эх дэлхийн цаг” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү арга хэмжээ нь уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, оролцоог идэвхжүүлэх зорилготой.
Энэ жилийн “Эх дэлхийн цаг”-ийн гол агуулга нь хүн бүр байгальдаа тустай ямар нэгэн эерэг үйлс хийж, Эх дэлхийдээ амсхийх чөлөө өгөхийг уриалж буй юм. “Эх дэлхийн цаг” жил бүр өөр сэдэвтэй байдаг бөгөөд жил ирээдүйдээ хөрөнгө оруулъя гэсэн санааг агуулна.
Иймд байгальд ээлтэй, тогтвортой хэрэглээний талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлж, хүн бүр хэрэглээгээ хянаж, зохистой дадал төлөвшүүлэх нь ирээдүйдээ хувь нэмэр оруулж байгаа нэг хэлбэр хэмээх санааг ухуулан сурталчлахыг зорьж байна.
“Эх дэлхийн цаг”-ийн үндсэн арга хэмжээ нь гуравдугаар сарын 25-ны 15:00-17:00 цагт Зайсан Хилл цогцолборт болно. Энэ үеэр сонирхсон хүн бүр нээлттэй микрофоноор дамжуулан байгаль хамгаалах талаар хийсэн эерэг үйлдлээ хэлж хуваалцаж болно. Мөн хуучин хувцсыг шинэчилж урласан орчин үеийн хувцасны загварын үзүүлбэр, бусад жижиг арга хэмжээ болно.
Хувцасны дахин ашиглалтыг урлалын түвшинд хүргэж, хуучин хувцсыг дахин загварчилж шинэ төрх бүтээх буюу “апсайкл” хэмээх ойлголтыг түгээж, хариуцлагатай хэрэглээ болон дахин боловсруулалт, ашиглалтын ач холбогдлыг таниулж буй “Тойрог” брэнд болон “Зүймэл даавуун урлалын төв”-ийн урлаачид шинэлэг, шилдэг бүтээлүүдээ дэлгэн сонирхуулах юм байна.
Монголд “Эх дэлхийн цаг” арга хэмжээг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар 13 дахь жилдээ залуусын санаачилгыг дэмжин зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа “Зориг сан”-гийн дэргэдэх Байгаль орчны манлайлагч хөтөлбөрийн залуустай хамтран ажиллаж байна.
“Эх дэлхийн цаг” арга хэмжээг 2007 оноос эхлэн Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд гол зорилго нь байгаль орчин хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, оролцоог идэвхжүүлэхэд оршино.
Эх дэлхийн цаг нь 60 минутыг илэрхийлсэн тоон таних тэмдэгтэй бөгөөд үүний гол санаа нь хүн бүр өдөр тутмын амьдралдаа эх дэлхийгээ хайрласан алхам хийнэ гэсэн хүмүүсийн эв нэгдлийн илэрхийлэл юм. Энэ өдрийг дэлхийн бүх тивийн 190 гаруй оронд өргөн далайцтайгаар тэмдэглэн өнгөрүүлдэг юм.