Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл хамтран их, дээд сургуулийн оюутнуудтай уулзалт зохион байгуулж байгаа билээ. Ингэхдээ салбар бүрийн онцлогоос шалтгаалж харьяа байгууллагын удирдлага, төлөөллүүдийг оролцуулж, оюутнуудад тухайн байгууллагууд дээр байгаа нөөц боломжийг танилцуулах, цаашлаад хамтарч ажиллах тал дээр санал санаачилгыг нь сонсох, шийдэл, үр дүнг чухалчилж байгаа юм.
АШУИС дээр болсон өнөөдрийн /2023.03.20/ уулзалтад Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Хүүхдийн сэргээн засах төв, АШУҮИС, Этүгэн ИС, Монос, Шинэ Анагаах, Глобал Удирдагч ИС, Оточ Манрамба, Их засаг ОУИС, Ач АУИС зэрэг 8-н их сургуулийн оюутны төлөөллүүд оролцлоо.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн дэд тэргүүн З.Төмөртөмөө “Оюутнуудтай адил үзэгчдийн суудлаас салбарын дарга нарын баримталж байгаа бодлого шийдвэрийг сонслоо. Олон зөв зүйтэй санаачилга, зөвлөмжийг хэлж ярьж байна.
Улаанбаатар хотын удирдлагууд салбар болгоны оюутнуудтай уулзалт хийж байгаа. Өнгөрсөн удаад соёлын салбарын оюутнуудтай уулзсан. Хий хоосон яриа биш, зөв зүйтэй шийдэлтэй уулзалт болсон. Бид төр засгийн ажил хийж байна. Заримдаа хайрцаглагдсан, шүүмжлэлтэй шийдвэр гаргадаг байхыг үгүйсгэхгүй. Бодит амьдрал дунд явахаар нийцэхгүй хууль тогтоомжууд их байдаг. Тиймээс оюутан та бүхний санаа бодлыг салбар тус бүрээр нь сонсох зорилготой цуврал уулзалтыг хийж байгаа нь энэ.
Өнөөдөр эрүүл мэндийн салбарын оюутнуудтай хамтарч ажиллахын тулд санал тавихаар ирлээ. Ер нь эрүүл мэндийн салбарын оюутнууд, эмнэлэг, эмнэлгийн ажилтнууд өдөр болгон суралцах ёстой. Технологи маш их хөгжиж байна. Үүнтэйгээ хөл нийлүүлэх учиртай. Тэр ч утгаараа бид бүхэн ирээдүй хойч үе болсон та нартайгаа одооноос тулж харилцаж, хамтарч ажиллах хэрэгтэй байгаа юм.
Анагаахын оюутнууд эрүүл мэндийн салбартаа ажиллаж, туршлага хуримтлуулж, сайн дурын ажил, цагийн ажилд идэвхтэй хамрагдмаар байна. Бид 200 хүн дээр сайн дурын ажлыг эхлүүлнэ. Цалин урамшуулал өгнө. Харин та бүхэн зөвхөн чөлөөт цаг заваараа л ажиллана. Онол, практик хосолж байж сайн мэргэжилтэн болдог. Сайн дурын ажилтан болсон цагаас олон зүйл суралцдаг.Хүүхэд эрсдэж, эндсэн аймшигт мэдээллүүд өдөр тутам гардаг. Гэтэл бодит амьдрал дээр тэр бүхэнд хэн анхаарч байгаа вэ. Яг хүрч ажиллаж байгаа юу. Зөвхөн өөрийгөө боддог нийгэм бидэнд үйлчилж байна гэхчлэн хөндөх асуудал их байна. Тэгэхээр эрүүл мэндийн салбарт сэтгэл зүрхээ зориулахаар шулуудсан оюутан залуус та бүхэн энэ бүх асуудал дээр зөв зүйтэй гарц, гаргалгаа эрэлхийлж салбарын удирдлагуудтайгаа хамтарч ажилладаг болооч ээ гэж уриалмаар байна. Мөн Ерөнхий сайд, Засгийн газраас эрүүл мэндийн салбарт олон талт ажил явуулж байна. Энэ бүгдийг дэмжиж ажиллахыг уриалж байна.
Тусламж хэрэгтэй байгаа бүх хүнд хүрч чаддаг, эрүүл мэндийн байгууллагуудтайгаа холбох гүүр түлхүүр нь та бүхэн болоорой. Бид нарын үед үгээ хэлэх, шүүмжлэх, дарга нартай ингэж сургууль дээрээ уулзах ямарч боломж байгаагүй. Гэтэл өнөөдөр нийслэлийн удирдлагууд, салбарын дарга нар оюутнуудад бодлого шийдвэрээ танилцуулахаар ирж байна. Энэ боломжийг та бүхэн маань нээлттэйгээр ашиглах хэрэгтэй.
Цаашлаад гадаадын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй эрүүл мэндийн салбарын оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас дэмжиж ажиллана ” гэсэн юм.
