Хан-Уул дүүргийн 120 мянгатын нэгэн орон сууцнаас өсвөр насны хоёр охин унаж, амиа алдсан ноцтой хэрэг өнгөрөгч амралтын өдөр /2023.03.18/ 09:00 цагийн үед гарсан байна. Охид амиа хорлосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас хэргийг шалгаж байна.
Өсвөр насныхны амиа хорлолт, сэтгэлзүйн тогтворгүй байдал зэрэг нь дэлхий нийтээр анхаарал татсан сэдэв болж байна. Манай улсад хамгийн сүүлд хийсэн судалгаагаар өсвөр насныхны 23 хувь нь амиа хорлох талаар бодож үзсэн бол 9,3 хувь нь амиа хорлох оролдлого хийсэн гэсэн мэдээ гарсан байдаг. 2020 оны судалгаагаар 2003 онд 10-14 насны хүүхдүүдийн амиа хорлолт энэ насныхны нийт нас баралтын 3.3%-ийг эзэлж байсан бол 2020 онд 11.6 хувь болж, 3.5 дахин өссөн байна.
Тиймээс эцэг эхчүүд өсвөр насны хүүхэддээ анхаарал халамж тавьж, илэн далангүй ярилцаж байхыг сэтгэлзүйчид зөвлөж байна.