Хятадын компаниуд Орост нэг мянга орчим буу, дроны сэлбэг хэрэгсэл болон сум нэвтэрдэггүй хантааз нийлүүлсэн тухай “Politico” хэвлэлд эх сурвалж дурдан мэдээлжээ. Нийлүүлэлтийг 2022 оны зургаадугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд хийсэн байна.
Тус сонинд бичсэнээр, БНХАУ-ын Засгийн газартай гэрээгээр ажилладаг “China North Industries Group Corporation Limited” өнгөрсөн оны зургаадугаар сард АНУ-ын М-16 загвараар бүтээсэн “CQ-A” винтов буу нийлүүлсэн гэж “Politico” онцолжээ. Гаалийн мэдүүлэгт эдгээр бууг иргэний зориулалттай ангийн буу хэмээн бүртгүүлжээ. “CQ-A” бууг Хятадын цагдаагийн албанаас гадна Филиппин, Өмнөд Судан, Парагвайн Зэвсэгт хүчин ашигладаг байна.
Гаалийн мэдээллээс үзвэл, 2022 оны сүүлээр Оросын тал Хятадаас дроны сэлбэг хэрэгсэл, 12 тонн сум нэвтэрдэггүй хантаазыг Туркээр дамжуулан авсан хэмээн “Politico” уламжилжээ.