Яруу найрагч, зохиолч Ц.Хуланг энэ оны нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө тагнуулын байгууллагаас баривчилсан. Түүнийг Эрүүгийн хэргийн 19.4 дүгээр зүйлээр буруутгаж буй.
Тодруулбал, Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан гэх үндэслэлээр шүүж байгаа. Энэ хэсэгт хамаарах шийтгэл нь 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял онооно.
Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
Ц.Хулан гурав дахь сардаа цагдан хоригдож байгаа. Найрагч бүсгүйг нийгмийн сүлжээнд эх оронч үзэл санааг тунхаглан зарладаг уран бүтээлч яагаад ч тагнуулын үйл ажиллагаа явуулахгүй гэсэн давлагаа өрнөж байгаа ч ийнхүү удаан хоригдож байгаа нь эргэлзэхэд хүргээд байна.
Учрыг лавлан судлахад тэрбээр Х Богдыг тодруулах, алдаршуулах процесс өрнөж байх зуур гадаадын байгууллагатай хамтран ажилласан асуудлаар шалгаж байгаа гэдэг.
Түүний цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгасан байна.