Өнөөдрөөс эхлэн шинэчлэгдэн батлагдсан үндэсний энгийн цахим гадаад паспортыг захиалах боломжтой болсныг УБЕГ-аас мэдэгдсэн.
Тэгвэл Чингэлтэй дүүргийн "Нэг цонхны үйлчилгээний танхим"-д
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цахим гадаад паспортыг танилцуулж иргэдэд гардууллаа.
Тэрбээр "Монгол улсын түүхэнд дэвшилт авчирсан өдөр болж байна. Дэлхийн нийтийн түлхүүрийн санд 82-дахь улс болон нэгдэж, цахим гадаад паспортыг иргэддээ олгож эхэлээ. Засгийн газраас хэрэгжүүлж буй "Цахим үндэстэн" болох ажлын хамгийн том нь Монгол улсын иргэний энгийн гадаад паспортыг цахим чиптэй паспорт болгож шилжилт хийлээ. Зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн агаарын хамгийн том боомт болох "Чингис хаан" нисэх онгоцны буудал дээр иргэд гадаадаас ирэх болон зорчихдоо энэхүү цахим паспортоор ямар нэгэн хүнтэй харьцалгүй чипээ уншуулж хилээр нэвтрэх боломж бүрдлээ" гэв.
Үнийн хувьд цахим гадаад паспортыг анх удаа авах болон хугацаа дууссан үед ₮77,500, дахин авахад ₮155,000 бол гэмтээсэн, хаясан шалтгаанаар дахин авахад 155,000 төгрөг дээр торгууль тооцогдоно. Эдгээр үнэ дээр тэмдэгтийн хураамж ₮5,000 нэмэгдэх юм байна.
Үргэлжлүүлэн
УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан: "Улсын бүртгэлийн байгууллагаас улсад хуульд заасан бүртгэлийн үйлчилгээгээр хамгийн онцлогтой нь гадаадад зорчих эрхийн бүртгэл буюу гадаад паспорт юм. Учир нь бичиг баримтууд зөвхөн дотоодод төдийгүй гадаадад хянагдан шалгагддаг. Бид гурван жилийн хугацаанд энэ тал дээр хичээж ажилласны үр дүн гарч байна гэж харж байна" гэлээ.
Цахим гадаад паспортыг нийслэлийн 9 дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, /Дүнжингарав, Мишээл, Драгон, Баянхошуу, Оргил, Баянгол төв, Улсын бүртгэлийн үйлчилгээний нэгдсэн цэгүүд /Баянзүрх дүүрэгт Жанжин клуб, Төр захиргааны II байр, Дарь-Эх, Чингэлтэй дүүрэгт Спорт хороо цогцолбор байр, Хан-Уул дүүрэгт Буянт-Ухаа нисэх буудал/, 21 аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хандан захиалж болох аж.