Т.Доржханд: Бидэнд хоёр, гурав дахь "Оюу толгой" хэрэгтэй байна
Монгол Улсын түүхэн дэх эргэлтийг шийдвэрийг гаргах учиртай хаврын чуулган гэж УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээллээ.
УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийсэн. Үүнтэй холбогдуулан тэрбээр хийсэн мэдээлэлдээ, "Монгол Улсын түүхэнд тохиож байгаагүй авлига, хулгайн асуудлууд энэ хаврын чуулганаар шийдвэрлэгдэнэ. Хөгжлийн банк, нүүрсний асуудлыг хэлэлцэж, хариуцлага тооцно. Үүнээс гадна бид цаашаагаа хөгжих үү, үгүй юу. Авлига, хулгайгаа дарж чадах эсэхийг шийдэх чухал чуулган өнөөдөр эхэлж байна.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийхийг Зөвлөлдөх санал асуулгад оролцогчдын 80 гаруй хувь нь дэмжсэн. Үүлэн чөлөөний нар шиг боломж энэ хаврын чуулганд бий. Үүнийг алдвал ирээдүйн 30 жилээ алдана. Суурь тогтолцоогоо өөрчилж байж хөгжлийн асуудал яригдана. Энэ систем байгаа тохиолдолд ямар ч өөрчлөлт ирэхгүй. Иймээс тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй.
Чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлт, парламентын дархлаа, гишүүдийн тоог өөрчлөх, 76 тойргийг нэг тойрог болгох асуудал, том бүтээн байгуулалтуудын талаар яригдана. Хоёрхон хоногийн өмнө Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орсон. Цаашид бидэнд хоёр дахь, гурав дахь Оюу толгой хэрэгтэй байна" гэлээ.