Бага сургуулийн дэргэд дэн буудал ажиллуулахгүй байхыг уриаллаа
Бага сургуулийн дэргэд дэн буудал ажиллуулахаа зогсоож асуудлыг хүндрүүлэлгүй үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөөч гэж эздэд нь уриаллаа.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын арын дэн буудлуудын асуудлаар Өнөр бүсээс сонгогдсон төлөөлөгчдийн саналаар ИТХ-аас ажлын хэсэг байгуулсан.
Тус ажлын хэсэгт мэргэжлийн болон төрийн захиргааны байгууллагын албан тушаалтнууд, иргэд, эцэг эхчүүдийн төлөөлөл ороод байна.
Ажлын хэсгийн анхны хурлыг зохион байгуулж ажлын төлөвлөгөөгөө гарган ажиллаж, дэлгэрэнгүй баримт, хяналт шалгалтын тайланг сонсож нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний дараа дэн буудлын эзэдтэй уулзалт зохион байгуулахаар төлөвлөөд байна. Сургуулийн орчин дахь олон жил бугшсан энэ асуудалд шийдэл олох болно. Иргэд, эцэг эхчүүд, сургуулийн хүүхдүүд та бүхэн гомдол, саналаа нээлттэй илэрхийлэхийг хүслээ.
Энэ дэн буудлуудын эзэд хувь иргэд бөгөөд ААН байхгүй, түрээслэж үйл ажиллагаа явуулдаг, архины зөвшөөрөлгүй худалдаа эрхэлдэг, "олон буудал" нэртэй тус газарт гэмт хэргийн дуудлага тасардаггүй талаар албаныхан мэдээлэл өгч байв.