Амазоны ширэнгэд төөрсөн эрэгтэй сарын дараа эсэн мэнд олджээ
Амазоны ширэнгэд төөрсөн Боливи улсын иргэн 31 хоногийн дараа олджээ. 30 настай Жонатан Акоста тус улсын умард хэсэгт ан хийж яваад дөрвөн найзаасаа төөрсөн байна.
Тэрээр гуталдаа борооны ус тосон ууж, өт, хорхойгоор хооллон, цоохор ирвэс, зэрлэг гахайнаас нуугдан амьдарчээ. Түүнийг нутгийн иргэд болон найз нөхдөөс нь бүрдсэн эрлийн баг алга болсноос нь хойш сарын дараа олсон байна.
“Би өт, хорхой идэж, энэ хугацаанд амьд гарахын тулд хүн итгэхээргүй зүйлс хийж байлаа. Хүмүүс намайг ийм удаан хайсан гэдэгт итгэхийн аргагүй гайхалтай сайхан байна” хэмээн Акоста нулимс дуслуулан ярьжээ. Тэрээр мөн гаргатеас хэмээх зэрлэг жимсээр хооллож байжээ. Тэрээр “Надад шинэ амьдрал бэлэглэсэн бурхандаа асар их талархаж байна” гэв.
Гэр бүлийнхэн нь Акоста хэрхэн төөрсөн, хэрхэн амьд үлдсэн талаарх бүх нарийн ширийн зүйлийг нэгтгэх шаардлагатай байгаа ч сэтгэл зүйн хувьд хүнд байгаа тул түүнээс аажмаар асуух болно гэжээ.
Акоста энэ хугацаанд 17 кг хасаж, шагай нь мултарсан бөгөөд түүнийг олоход шингэний алдагдалтай байсан ч доголоод явж чадаж байжээ. Түүний дүү Орасио Акоста Боливийн Пагина Сиете сонинд "Ах маань төөрснөөсөө хойш дөрөв дэх өдрөө шагайгаа мулталчхаад ингээд л үхэх нь гэж бодсон тухайгаа бидэнд хэлсэн" гэж ярьсан байна.
Жонатан Акоста цоохор ирвэс зэрэг зэрлэг амьтадтай тааралдсан гэж гэрийнхэндээ хэлжээ. Төөрснөөсөө хойш 31 хоногийн дараа тэрээр эрлийн багийнхныг 300 метрийн тэртээ олж хараад өргөст бутны дундуур доголон алхаж, тэдэн рүү орилсон байна. Түүнийг нутгийн дөрвөн олжээ. Хүнд бэрхийг туулсан Жонатан ан агнуураа орхихоор шийдсэн гэж дүү нь ярьсан байна.
Эх сурвалж: ВВС