Ч.Хүрэлбаатар: Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг Монгол Улсад татах чиглэлээр хэд хэдэн уулзалтыг амжилттай хийлээ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж буй. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын дүнгийн тухай, Ази тивийн физикийн олимпиад зохион байгуулах зэрэг таван асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Ерөнхий сайд БНСУ-д айлчлал хийсэн. Өмнө нь зээлийн талаар ярилцдаг байсан бол энэ удаад зээл биш гадаадын шууд хөрөнгө оруулалтыг Монгол Улсад татах чиглэлээр хэд хэдэн уулзалтыг амжилттай хийлээ. Томоохон компанийн төлөөллүүдтэй уулзсан. Монгол Улсыг хөгжүүлэхийн тулд зээл биш гадаадын шууд хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг хэлмээр байна. Тиймээс ч гаднын банкнуудыг Монгол Улсад оруулж ирэх яриа, хэлэлцээрийг идэвхтэй хийж байна.
ҮСХ-оос мэдээлснээр эдийн засаг 4.8 хувь болж өссөн. Цар тахлын өмнөх 2019 онтой харьцуулбал эдийн засаг 1.6 хувиар өссөн байна. ДНБ 52.9 их наяд төгрөгт хүрчээ. Тэгэхээр өнгөрсөн гурван жилийн хүндрэлүүдийг 2022 онд эцэслэн давж гарчээ гэдгийг онцолмоор байгаа юм.
2023 онд биднийг эдийн засаг тогтворжсон нөхцөл байдал угтаж байна. Энэ онд эдийн засагт хэд хэдэн эерэг үзүүлэлт гарахаар байгаа. Тухайлбал, экспортын гол бараа бүтээгдэхүүн болох зэс, нүүрс, алтны үнэ сайн байхаар харагдаж байна. Үүнээс гадна 2023 оны гуравдугаар сард Оюутолгойн гүний уурхай тогтмол үйл ажиллагаанд шилжиж байгаа. Энэ бол манай эдийн засагт гарч байгаа эерэг мэдээнүүдийн нэг. Тэгэхээр 2023 оны эдийн засгийн өсөлт 2022 оныхоос илүү байна гэж тооцож байна.