Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатны санал асуулгыг энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Монгол орон даяар санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэнээс авсан. Харин хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтад санал асуулгад оролцсон иргэдийн 50-иас доошгүй хувийн иргэнийг сонгон оролцуулж байна.
Хоёр дахь шатны зөвлөлдөх санал асуулгад дөрвөн сэдвийн хүрээнд 22 асуудлаар эрдэмтэн судлаачид, экспертүүдийн мэдээлэл, тайлбарыг сонсож байна. Тухайн асуудлыг шийдвэрлэхэд эерэг, сөрөг ямар үр дагавар гарч болох вэ гэсэн мэдээлэл авна.

- Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага /6 асуулттай/;
- Парламентын ардчилал /6 асуулттай/;
- Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах /7 асуулттай/;
- Нийгмийн тулгамдсан асуудал /3 асуулттай/.
Нэгдүгээр сэдэв буюу иргэний болон улс төрийн эрх, хариуцлага сэдвийн хүрээнд иргэд мэдээлэл авч дууслаа. Одоо тус бүр 15 хүнээс бүрдсэн жижиг хэсгүүдэд хуваагдаж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Буцаж нэгдсэн хуралдаандаа ороод байр сууриа илэрхийлнэ, асуулт асууна, тодруулах юм.