Ч.Өнөрбаяр: АН-д цоо шинэ хуудас нээгдлээ
Өнөөдөр УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаан болж АН-ын даргаар Лу.Гантөмөрийг албан ёсоор бүртгэсэн юм.
Үүнтэй холбоотойгоор тус намаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр "Өнөөдөр Ардчилсан намын элэг нь дэвтэж, магнай нь тэнийсэн өдөр болж байна. Ардчилсан намд цоо шинэ хуудас нээгдэж байна. Тарж бутарсан гишүүддээ бид нээлттэй байх болно. Бид нэгийгээ ад үзээд, цааш түлхээд байх зүйлгүй. Цаашид АН Монгол хүний эрх чөлөөний төлөө тууштай зогсож чаддаг, шударгаар хөдөлмөрлөж байгаа бизнесмэн, ААН, иргэдээ дэмждэг хүчирхэг сөрөг хүчин байх болно гэдгээ хэлье. АН үнэт зүйл зарчимдаа тууштай гэдгээ харуулна" гэв.
Мөн АН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Эрдэнэболд “ АН-ын УИХ дахь бүлэг эв нэгдлийн ажлын хэсэг санаачилж, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ахалж, АН-ын даргын сонгуулийг явуулсан. Үүнтэй холбогдуулж УДШ-ээс албан ёсны шийдвэр гарлаа. Орон даяар энэхүү мэдээллийг үзэж буй хүн бүрт баяртай өдрийн мэндийн хүргэж байна” хэмээсэн юм.