16 жил эрэн сурвалжлагдаж байсан Италийн мафийн алуурчин пиццаны тогооч болсон байжээ
2006 оноос хойш эрэн сурвалжлагдаж байсан Италийн мафийн алуурчин Францын нэг хотод пиццаны тогооч болсон байсныг хуулийн байгууллагууд олж илрүүлжээ.
Францын Сэйн-Этиен хотоос Эдгардо Греког баривчилсан байна. Сар хүрэхгүй хугацааны өмнө 30 жил эрэн сурвалжлагдаж байсан Италийн мафийн босс Маттео Мессина Денарог биеэ үзүүлэхээр Палермо хотын нэг хувийн эмнэлэгт ирэхэд нь баривчилсан билээ.
Денаро нь Сицилийн алдарт Коза Ностра бүлгийн "боссуудын босс" гэгддэг байв. Харин Греко нь сүүлийн жилүүдэд хүчирхэгжсэн Италийн Калабриа мужаас гаралтай Ндрагента мафийн бүлгийн гишүүн байжээ.
Одоо 63 настай Греко 1990-ээд оны эхэн үед болсон мафи хоорондын дайны үеэр ах дүү хоёрыг алсан хэргийг үйлдсэн юм байна.
Өрсөлдөгч мафийн гишүүд болох ах дүү Стефано болон Жюзеппе Бартоломео нарыг Греко 1991 оны нэгдүгээр сард Косенза хэмээх жижиг тосгонд зодож алсан гэдэг. Тэдний цогцос олдоогүй бөгөөд хүчилд уусгасан гэх таамгийг мөрдөгчид дэвшүүлж байжээ.
Тухайн оны сүүлээр Греко мөн тосгонд өөр нэг хүний амийг хөнөөхөөр завдаж байсан байна.
2006 онд баривчлах шийдвэр шүүхээс гарсны дараа Греко сураггүй алга болж байжээ.
Үүнээс найман жилийн дараа тэр Францын Сэйн-Этиен хотод суурьшиж, нэг итали ресторанд пиццаны тогоочоор ажиллаж эхэлсэн байна.
Ингэхдээ тэр Паоло Димитрио хэмээх шинэ нэртэй болсон байжээ. Одоо түүнийг Италид шилжүүлэн шүүж, бүх насаар нь хорих ял оноох юм.
2021 оны долдугаар сард нутгийн өвөрмөц жороор равиоли, рисотто, таглиателле зэрэг хоол хийдэг түүний рестораныг магтсан нийтлэл орон нутгийн хэвлэлд гарахад хуулийнхан олон жил эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийн мөрөөр орж байжээ.
Интерполын Ндрагента мафитай тэмцэх тасаг Францын цагдаагийн албатай хамтран ажилласны үр дүнд Грекогийн байгаа газрыг тогтоосон байна. Дараа нь Италийн цагдаагийн алба мэдээллээр хангаж, түүнийг мөн болохыг баталж байжээ.
Эх сурвалж: BBC