"Сүүлийн гурван жилд койнтой холбоотой 468 хэрэг бүртгэгдсэн"
Нийслэлийн цагдаагийн газраас койнтой холбоотой гэмт хэргийн талаар мэдээлэл хийж байна.
"2022 оны хоёрдугаар сард виртуал хөрөнгийн хуулийг баталсан ба энэ нь Санхүүгийн зохицуулах хороогоор зохицуулагдаж, үүнтэй холбоотойгоор Цагдаа, Тагнуулын байгууллага мөрдөн шалгах эрхтэй.
Дээрх хуулийн хүрээнд манайд 12 крипто биржээр 37 койн арилжаалагдаж байна. Бид хэд хэдэн удирдлагуудтай уулзалт хийсэн ба ингэхдээ иргэдэд койн санал болгохдоо санхүүгийн гэмт хэрэгт холбогдож, залилан хийж байгаагүй, санхүүгийн чадамжтай, биржүүд дээрх шалгуурыг хангасан этгээдүүдэд зөвшөөрөл олгохыг хэлж байв.
Зах зээлийн зарчмаар үнэ ханшаа тогтоож явж байгаа бизнес эрхлэгчдийг шууд хянаж, шалгаж, хохироох эрх бидэнд байхгүй. Гэхдээ залилангийн шинжтэй буюу тухайн мөнгөө хувьдаа завшсан, мэдээллийг ашигласан хүмүүсийг шалгах эрх бий. Бусад төрлийн хэргийг бодоход IT, санхүүгийн мэргэжилтнүүд шаардлагатай байдаг учир бид алба хаагчдаа чадавхжуулж байна.
Виртуал хөрөнгөтэй холбоотой сүүлийн гурван жилд 468 хэрэг бүртгэгдсэн. Нууц үгээ алдаад койноо алдсан, Монголд дахь койноо гадагшаа алдсан гэх мэт 2021 онд 81 хэрэг, 2022 онд 371 2023 онд 8 хэрэг тус тус бүртгэгдсэн. Эдгээрээс хөрөнгө босгосон гэсэн дөрвөн хэрэг бүртгэгдсэн" гэлээ.