Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах хоёр дахь сонсгол 2023 оны хоёрдугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
Энэ талаар УИХ-ын хянан шалгах түр хорооноос мэдээлэл хийлээ.
Түр хорооны дарга Б.Энхбаяр “УИХ-аар баталсан хяналт шалгалтын тухай хуульд зааснаар сонсголоос долоо хоногийн өмнө олон нийтэд мэдээлэл өгөх үүрэгтэй. Үүний дагуу ирэх долоо хоногийн Даваа гарагт эхлэх хоёр дахь сонсголын талаар мэдээлэл хүргэж байна.
Хоёр дахь удаагийн сонсголоор дараах гурван асуудлыг хэлэлцэнэ.
- Монгол Улсын Хөгжлийн Банканд Хяналт шалгалт хийгдэж байсан байдал, тэдгээрээс гарсан үр дүнгийн асуудлыг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор 21 албан тушаалтныг гэрчээр дуудна. Нэгдүгээрт нь миний бие өөрөө байгаа. Мөн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөгжлийн Банкны тухайн үеийн удирдлагууд, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэр бүхий 21 албан тушаалтан гэрчээр асуугдана.
- 40 орчим санхүүгийн түрээстэй холбоотой харилцаа үүссэнээс шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр нэмж асуулт асуух шаардлагатай гэх 10 орчим хэлцлүүдийг ярилцана. Үүнтэй холбоотойгоор нийт 35 гэрч дуудагдана.
- 2012-2016 оны үед Хөгжлийн Банкнаас улсын төсөвт суулгаж эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн 350 орчим төсөл арга хэмжээний үр дүнг сонсоно. Тодруулах шаардлагатай 43 гэрчийг одоогоор дуудах ба энэ долоо хоногт нэмж дуудах шаардлага гарвал нэмж дуудна. Тухайлбал, эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Төслийн удирдах хорооны дарга бөгөөд БХБЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Эрдэнэбүрэн, Молор констракшн ХХК-ийн хувьцаа эзэмшигч Эрдэнэ, үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Халтмаагийн Баттулга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг дуудагдана. Шинэ төмөр зам төслийн хүрээнд Зам тээврийн сайд байсан Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга байсан Цогтбаатар, “Түмэн хишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Баттулгын Хүлэгт, Баттулгын Намуун, Баттулгын Номин гэх мэт хүмүүс дуудагдахаар байна.
Өөрөөр хэлбэл хоёр дахь сонсгол хоёрдугаар сарын 6-8-нд зохион байгуулагдана" хэмээв.
"ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТИЙГ ГУРАВДУГААР САРЫН 17-НД ГУРАВ ДАХЬ СОНСГОЛ ХИЙГДЭЖ ДУУСААД, УИХ-Д ТАНИЛЦУУЛНА"
Түр хорооны гишүүн Ж.Сүхбаатар “Гэрч мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгөхөөс санаатай зайлс хийвэл хариуцлага хүлээнэ гэж тэмдэглэл дээр гарын үсэг зурж байгаа. Зарим гэрчүүд ирээгүй ч бичгээр учир шалтгаанаа бичиж ирүүлсэн зүйл бий.
Албан тушаалтны тухайд Төрийн албаны тухай хуульд зааснаар ажлаас халах хүртэл арга хэмжээ авна. Иргэний тухайд гэрч мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлс хийвэл зөрчлийн хуулиар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулна. Ер нь хариуцлага тооцогдоно.
Ерөнхий дүгнэлтийг гуравдугаар сарын 17-нд гурав дахь сонсгол хийгдэж дуусаад, УИХ-д танилцуулна. Бидний зүгээс дүгнэлтийг хийхгүй бөгөөд сонсголын үеэр мэдээллийг тодруулж гаргаж ирж байгаа хэрэг" гэлээ.