Хуурамчаар үйлдвэрлэсэн байж болзошгүй согтууруулах ундааг битүүмжилжээ
Цагдаагийн байгууллагад энэ сарын 23-ны өдөр “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гэртээ архи үйлдвэрлээд байна, хашаанд нь их хэмжээний архины шил байна” гэх дуудлага мэдээлэл иржээ.
Үүний дагуу тус дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс шалгахад иргэн Б-ийн хашаанд байсан “Монгол стандарт”, “Чанар”, “Хийморь” нэртэй архи болон тоног төхөөмжийг битүүмжилж, татварын тэмдэгт, архийг хуурамч эсэхийг тогтоохоор шалгалтын ажиллагаа явуулж байна.
Мөн иргэн А бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсээс их хэмжээний виски, архи, согтууруулах ундааг худалдан авч, хуурамч онцгой албан татварын тэмдэгт наасан. Улмаар их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийж, ашиг олж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Эх сурвалж: ЦЕГ