Б.Мягмарнаран: Улсаас Фэйсбүүк рүү ороод үүнийг устгана, тэрийг устгана гэх юм шиг ойлгоод байна. Тийм зүйл байхгүй
Өнөөдөр BlueSky зочид буудлын Топаз танхимд “Цахим орчинд хүний эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” хэлэлцүүлэг боллоо.
Тус хэлэлцүүлгийн хүрээнд олон нийтийн анхаарлыг татаад буй “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль"-ийн хэрэгжилтийн талаар ХХЗХ-ны Зохицуулалтын бодлогыг хэрэжүүлэх газрын дарга Б.Мягмарнаранаас тодрууллаа.
Тэрбээр "Монгол Улсаас хүсэлт явуулбал тухайн хаягийг Фэйсбүүкээс хаах боломж байхгүй. Хуульд зааснаар тухайн байгууллага шийдвэр дүгнэлтээ үйлчилгээ эрхлэгч буюу олон улсын платформд хүргүүлнэ. Тухайн платформ тусдаа эрх зүйн орчинтой байгууллага учраас хянаж үзээд зөрчилтэй байна гэвэл эрхээ хэрэгжүүлнэ. Одоо ч гэсэн ингэж л явж байгаа.
Жишээ нь бид Фэйсбүүк компанитай Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны ногоон сувгийг үүсгэн ажилладаг бөгөөд эрх бүхий байгууллагаас ирсэн шийдвэр дүгнэлтийг дамжуулдаг. Тухайн платформ нь өөрийн эрх зүйн хүрээнд шийдвэрлэдэг. Тэд ирсэн болгоныг бас шийдвэрлэхгүй.
Фэйсбүүк гэдэг чинь олон улсын платформ, бүх улстай хамтран ажиллаж байгаа. Улс бүрээс ирсэн дүгнэлтийг үзнэ, тухайн хууль зүйн орчинд нь хянан, олон нийтийн стандартаа хянаж үзээд дүгнэлтээ хараат бусаар гаргадаг. Иймээс бидний явуулсан шийдвэрийн дагуу устгана гэсэн ойлголт байхгүй. Фэйсбүүк Засгийн газраас хэдэн мэдээлэл ирсэн, үүнээс хэдэн шийдвэрлэгдсэн гэдэг тайлангаа ил тод гаргадаг.
Улсаас Фэйсбүүк рүү ороод үүнийг устгана, тэрийг устгана гэх юм шиг ойлгоод байна. Тийм зүйл ерөөсөө байхгүй. Яг бодит амьдрал дээр байгууллага бүр ногоон сувгаар Фэйсбүүк рүү ханддаг. Энэ харилцаагаа болиод бүгд нэг сувгаар ханддаг болно. Эцсийн шийдвэрлэх эрх нь Фэйсбүүкт байгаа, манайх зөвхөн дамжуулах л үүрэгтэй" гэв.