Энэ оноос эхлэн нийт өрхийн 91 хувьд хүүхдийн мөнгийг олгохоор болсон. Үүнтэй холбогдуулан олон өрх хохирсон талаар ээжүүдийн төлөөлөл мэдээлэл өгч, амьжиргааны түвшин тооцоолох аргачлал боловсруулахад оролцсон 10 гаруй байгууллагад өнөөдөр шаардлага хүргүүллээ.
Иргэн А.Дөлгөөн "Үндэсний Статистикийн Хорооноос өрхийн амьжиргааны түвшин тогтоохдоо орлогыг орлуулан тооцох аргачлалаар хийсэн гэдгийг өөрөө судалж мэдлээ. Би гэрээсээ ганцаараа ажил хийдэг. Гэсэн хэр нь 91 хувьд орж чадаагүй.
Өөрийнхөө фэйсбүүк хуудсаар асуудлаа бичихэд надтай 1,000 гаруй өрх нэг асуудлаар холбогдсон юм. Би тэдний бүх асуудлыг уншихад жинхэнэ зорилтот бүлэг нь тэнд байсан.
- Зөвхөн орлогоор тооцож байгаа нь амьдралд нийцэхгүй байна.
- Хэрвээ бидний зарлагыг тооцож чадахгүй байгаа бол зээлийн мэдээллийн санг тусгах хэрэгтэй.
- ХНХЯ болон ҮСХ зэрэг 10 гаруй байгууллагын хамтарсан ажлын хэсэг хагас жил гаруй судалсан гэсэн. Ажлын хэсэг зургаан сарын хугацаанд хэдэн төгрөгийн төсвөөр ажиллаж, хэчнээн хүүхдийг хохироосон бэ? гэх шаардлагыг бид тавьсан.
Зөрүүтэй мэдээллийг гурван жил тутамд шинэчлэх ёстой байсан. Гэтэл тэдний ажлаа хийгээгүйгээс болж ээжүүд нэг өдрийн цалингаараа хохирч мэдээллээ засуулсан.
Олсон орлогоосоо чин үнэнчээр татвар, даатгалаа төлсөн нь хүүхдийн мөнгөнөөс хасагдаж, жижиг дунд бизнес эрхлэн бага татвар төлдөг нэгнийх нь хүүхэд мөнгөө авч байна.
Өөрөөр хэлбэл, тухайн өрхийн олсон орлогоос татвар, даатгал, зам ашигласны татвар, НӨАТ, зээл гэх мэт зүйлийг хасаад бодох ёстой. Гэтэл эдгээр зардлыг тооцоолоогүй нь бодит амьдралд нийцэхгүй байгаа учраас ийнхүү шаардлага хүргүүлж байна" гэв.