Архины хамааралтай, орон гэргүй иргэдийг эрхшээлдээ байлган, албадан ажиллуулсан байж болзошгүй
Архины хамааралтай, орон гэргүй иргэдийн зорчих эрхийг хязгаарлан, эрхшээлдээ байлгаж албадан хөдөлмөрлүүлсэн байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
“Нэр бүхий этгээдүүд бүлэглэн архины хамаарал бүхий, орон гэргүй иргэдийг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах “Их Нарт”, “Хүрэн морьтын даваа” гэх газруудад зорчих эрхийг хязгаарлан, эрхшээлдээ байлгаж албадан хөдөлмөрлүүлсэн байж болзошгүй” гэх гэмт хэргийн талаарх гомдлыг энэ сарын 04-нд хүлээн авчээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /Албадан хөдөлмөрлүүлэх/ хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, “Г” нарын дөрвөн иргэнийг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Шалгалтын явцад нэр бүхий 21 иргэнээс гэрчийн мэдүүлэг авч, хохирсон байж болзошгүй иргэдийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч томилжээ.
“Г” нар нь “Самарт авч явна” гэх утгатай зарыг фэйсбүүк орчинд байршуулан иргэдийг самарт авч явж, олсон ашгийг 40:60 харьцаатай хувааж авахаар сайн дурын үндсэн дээр тохиролцож явсан. Ингэхдээ зарим иргэний цалинг тухай бүр өгөөгүй, хохирогчдын биед халдсан зэрэг нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоожээ.
Иймд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах “Их нарт”, “Хүрэн морьтын даваа” гэх газруудад самарт явж, уг хэрэгт ямар нэг байдлаар хохирсон иргэд байвал Эрүүгийн цагдаагийн албаны 262066, 262425 дугаарын утсаар болон бичгээр гомдол, мэдээллийг хүлээн авч байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт болон хэргийн оролцогч нарт хөндлөнгөөс нөлөөлөхийг хуулиар хориглодог бөгөөд хэргийн талаар цахим орчинд олон нийтэд ташаа мэдээлэл түгээж байгаа нь хэргийн нотлох баримт устах, оролцогч нарт хууль бусаар хөндлөнгөөс нөлөөлөх, холбогдогч нар оргон зайлах зэрэг бусад болзошгүй эрсдлийг бий болгож байна.