Монгол хүнд утаанаас үүдэлтэй элэгний эсийн хавдрын шинэ мутац илэрсэн талаарх судалгааны дүгнэлтийг ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү “Угаартсаар байх уу, Улаанбаатарчууд аа” нээлттэй хэлэлцүүлгийг үеэр танилцууллаа.
Тодруулбал, Агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар асар их нөлөөлж байдаг. Удаан хугацаанд агаарын бохирдолтой орчинд амьдрах нь амьсгалын зам болон зүрх судасны өвчтэй болох суурь эрсдэлийг бий болгодог. Гэнэт зүрх хаагдах, тархинд цус харвах зэрэг нь үүний цочмог илрэл. 2017 оноос хойш буюу өнгөрсөн таван жилийн хугацаанд агаар, орчны бохирдол хавдрын эрсдэлийг хэрхэн нэмэгдүүлж байгаа талаарх судалгааг хийсэн. Манай улсын судлаачид болон Франц, Испани, Сингапурын их сургууль, Нью-Йорк дахь судалгааны байгууллагын судлаачид дээрх чиглэлээр судалсан. Үүнд гадаад, дотоодын судалгааны 14 байгууллага оролцсон. Уг судалгааны эцсийн дүгнэлтээр монгол хүнд утаанаас үүдэлтэй элэгний эсийн хавдрын шинэ мутац илэрсэн гэдгийг тогтоосон. Агаарын бохирдлын улмаас ялгардаг хүхрийн хэт исэл, хар тугалга зэрэг хүчин зүйл нь хүний биед мутац үүсгэх өндөр эрсдэлтэй. Энэ нь монгол хүнд элэгний эсийн хавдрын мутац үүсгэж байна" гэлээ.Судалгаагаар өндөр хөгжилтэй орны иргэдэд байхгүй хоёр төрлийн элэгний хавдрын шинэ мутац монгол хүнд өвөрмөцөөр илэрсэн байна. Судлаачид утаанаас үүдэлтэй хор нөлөө нь иргэдийн амьдрах хугацаанд ч нөлөөлж болзошгүй гэж дүгнэхэд хүргэснээ мөн хэллээ.