Хөгжлийн Банкны асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд өнөөдөр болж байна.
Энэхүү сонсголын үеэр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас Хөгжлийн Банкны зээлийн асуудал тухайн үеийн Засгийн газрын хуралдаанаар ямар байдлаар танилцуулагдаж, шийдвэрүүд гарч байсныг асуусан юм.
Тэрбээр хариулахдаа "Монгол Улсын засгийн газар 2013 оны долдугаар сарын 6-ны өдөр төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай гэдэг тогтоол гаргасан. Уг тогтоол нь гурван зүйлтэй.
- Төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэр
- Барилгын арматурын үйлдвэр
- Түүнийг барьж байгуулахад шаардлагатай байгаа 50 сая хүртэл ам.доллартой тэнцэх төгрөгийн санхүүжилтийг хавсралт ёсоор баталсугай гэж байгаа юм.
2013 оны долдугаар сарын 8-ны өдөр Бодлогын зөвлөлийн 12 дугаар хурал болсон. Би энэ материалыг та бүхэнд өгөөгүй, протокол нь байгаа. Дахиад урд талын хоёр хурал дамжуулан төмөрлөгийн үйлдвэр дэмжих үү гэдэг асуудал яригдсан байдаг.
Хамгийн сүүлд нь долдугаар сарын 9-ний өдөр Засгийн газарт оруулж ирээд төмөрлөгийн үйлдвэрээ дэмжье. Монгол Улс хэдий хүртэл арматурын үйлдвэргүй суух вэ. Нойтон аргаар баяжуулдаг гурван компани байна. Цаашаагаа үйлдвэр барих боломжтой нэг компани нь Эрдэнэт, жижиг үйлдвэртэй. Түүнийг нь дэмжээд жилдээ 200 мянган тонн арматурын төмөр гаргадаг үйлдвэр барина гэсэн бодлогын шийдвэрийг Засгийн газар гаргасан.
Намайг 50 сая ам.доллар өг гэж хэлсэн байна гээд байгаа. Манай Засгийн газрын тогтоолын хавсралт дээр хоёр чухал зүйл харагдаж байгаа. Хавсралт дээр дөрвөн компанийн нэр байгаа. Тэр дөрвийн нэрийн ар тал дээр хоёр хүснэгт бий.
Ер нь Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тогтоол үйлдвэр дэд бүтцийг дэмжих нь зөв, гэхдээ нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс илүүг өгч болохгүй, тэгвэл эрсдэл учирна гэсэн агуулгатай байгаа.
"Монголиан Метал Майнинг Холдинг" ХХК, "Мон Лаа" ХХК, МОНГОЛРОСЦВЕТМЕТ, "Бэрэн" групп гэх дөрвөн компани Бодлогын зөвлөл дээр "Монгол иймэрхүү юм хиймээр байна. Манайд шаардлагатай байгаа хөрөнгө оруулалт 152 сая ам.доллар байна" гэж оруулж ирсэн.
Тэгэхээр харгалзах сайдууд нь оруулж ирэхдээ эхлээд ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу 30 хүртэлх хувийг өгнө. Бондыг буцааж төлөх учир эрсдэлээ багасгах ёстой буюу 50 сая ам.долларын тухай ярьдаг. Гэхдээ Засгийн газрын тогтоол 50 сая ам.доллар өг гэж гараагүй. 50 сая ам.доллар олго, 50 сая хүртэл ам.доллар олго гэдэг чинь ялгаатай. 50 саяыг олгохгүй ч байж болно гэсэн үг.
50 сая хүртэл ам.доллар олго гэдэг чинь өөрийнхөө барьцаа бүх юмаа аваад, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг бол олго. Бодлогын хувьд дэмжиж байна гэж Засгийн газар шийдвэр гаргасан.
Хэрвээ Хөгжлийн Банкны болзлыг хангахгүй бол олгохгүй байж болно гэдгийг бид нар 50 сая хүртэл гэж бичдэг юм. Үүний гэрч болж хэлэхэд дөрвөн компанийн хоёр нь зээл авсан байдаг. Хэн нь аваад хэн нь авахгүй байгаа гэдгийг Ерөнхий сайд хараад суудаггүй. Би хувь хүнийхээ үүднээс хэлэхэд нэг төгрөгийн зээлийг Хөгжлийн Банкнаас аваагүй, нэг төгрөгийн зээл хүнд өгүүлээгүй. Надад "Бэрэн" группээс таньдаг хүн байхгүй. Тэгэхээр 50 сая ам.долларыг өг гэж хэлээгүй. Маш олон удаа засгийн газар дээр ярьсан.
Арван жилийн өмнөх архивыг ухаж үзлээ. Бодлогын зөвлөл нийтдээ 12 удаа хуралдаж, таван зөвлөмжийг гаргасан. Нэг зөвлөмж дээр нь Боинг онгоц, ТОСК, Төмөрлөгийн үйлдвэр гэсэн гурван зүйл байгаа. Иймэрхүү улаан цайм юман дээр намайг "Бэрэн" группт давуу тал олгосон гээд байна. Энэ зөвхөн Н.Алтанхуягийн асуудал биш ээ. Монгол Улсын Засгийн газар бодлого гаргадаг. Бодлогын хувьд бид юмаа дэмждэг. Манай барилгын салбар Чингис бондоос гурван юм хүссэн.
- Цементийн үйлдвэр
- Арматурын үйлдвэр
- Шилний үйлдвэр. Мөнгөний боломж, цаг хугацаа байгаагүй учраас хоёрыг нь дэмжсэн. Нэг нь энд бантан хутгаад явж байна" гэв.