Г.Өнөрбаяр: Монголчууд аль улсын ямар салбарт хэр хэмжээний цалин авч ажиллаж байгаа талаарх тооцоог гаргана
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна.УИХ-ын гишүүн Н.Ганибал "Монгол Улсын хэдэн иргэн гадаадад ямар салбарт ажиллаж байна вэ. Цаашид ямар салбарт ажиллах хүсэлтэй байгаа вэ? гэдэг талаар асуулт асуусан. Энэ хүмүүст хэн анхаарал хандуулах ёстой вэ? Олон хүн гадаад гарч хараар ажиллаж байна. Монголын иргэний хөдөлмөрлөх эрхийг хангах хуулийн өөрчлөлтийг түрүүлж оруулж ирээч. БНСУ-д хараар ажиллаж байна. Ажиллах хүчин гаргаж байгаа компаниудад бас асуудал бий. Анхаарахгүй бол манай улсад ажиллах хүн байхгүй болно шүү. Туслах малчид ихэнх нь Өвөр Монголд очиж мал малладаг болсон.
Монгол хүний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болгоныг үнэ цэнтэй болгох тал дээр ажиллахгүй бол бид өөрсдөө гадагшаа яваад дууслаа. Малын үнэ, мах ямар байгаа билээ. Ийм бага цалинтай өөрсдөө дайждаг улс оронд хэн ирж ажиллах вэ?" гэдгийг хэллээ.
Харин ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр "Бидэнд байгаа мэдээллээр хилийн чанадад 100 гаруй мянган монголчууд сурч, ажиллаж хөдөлмөрлөж байна. Шинээр батлагдсан ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд Монгол Улсаас хилийн чанадад байгаа дипломат төлөөлөгч, консулын газар тухайн улсад хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг бүртгэх, аль салбарт ажиллаж байгаа, цалингийн бүтцийн судалгаатай мэдээллийг нарийвчилж ирүүлэхээр тусгасан.
Гадаадад ажиллаж байгаад буцаад эх орондоо ирэхэд нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг уг хуулийн төсөлд оруулсан. Яамны зүгээс БНСУ, Японд ажиллах хүч гаргах тал дээр ажиллаж байна.
БНСУ-д 4,400 орчим хүн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр ажиллаж байна. Харин Японд 80 гаруй иргэн яамны шугамаар зуучлагдан ажиллаж байгаа. Цаашид монголчууд аль улсын ямар салбарт хэр хэмжээний цалин авч ажиллаж байгаа талаарх тооцоог гаргана. Ер нь бол дэлхий дахинд ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний өөрчлөлт хийгдэж байгаа" гэв.