Н.Энхбаяр дарга аа, та зээлийн хүү яаж тогтдогийг мэдэх үү

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Э.Эрдэнэжамъянг таних хүн цөөнгүй байх. Танихгүй бол сануулъя, Н.Энхбаяр даргыгаа өмөөрч, өмгөөлж хэвлэлийн хурлын үеэр уйлж байсан үнэнч эр байдаг даа. Өчигдөр түүний жиргээ цахим ертөнцийнхний сэдэв боллоо. Тэрбээр “МАХН эрх баригч болно. 2020 оноос эхлэн ипотекийн зээлийн хүүг тэг болгоно. Шинээр байранд орох хүмүүсийг тийм зарчмаар оруулна. Өмнөх орсон хүмүүсийн төлсөн хүүг үндсэн төлбөрт тооцно. Барилгын салбар тэлнэ. Банкууд эрүүлжинэ. Хүмүүс аз жаргалтай болно” хэмээн жиргэж.  Сонгууль дөхөж, улстөрч нэр зүүсэн болгон юу хамаагүй хэлж, ярьж эхэлсний нэг тод жишээ энэ. Тэгэхдээ ипотекийн зээлийн хүүг тэглэнэ гэж ярина гэдэг эдийн засаг бага зэрэг гадарладаг л бол ярих сэдэв биш.

МАХН эрх баригч болоод, хүү тэглэнэ гэж цахим хуудастаа бичсэнийг бодохоор намын байр суурь бололтой.  Э.Эрдэнэжамъян гэдэг хүн эдийн засгийн ойлголт түй ч байхгүй байж болно. МАХН-ын дарга, цагтаа УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд бүхий л том албан тушаалд заларч явсан Н.Энхбаяраас асууя. Та зээлийн хүү яаж тогтдог талаар мэдэх үү. Үнэгүй мөнгө гэж хаана ч байдаггүйг мэднэ биз дээ. Ипотекийн зээлийг ямар ч хүүгүй олгох эдийн засгийн боломж Монголд байхгүй мэдэх үү. Мэдээд байгаа мөртлөө ард түмнийг тэнэг гэж басамжлан доромжлоод байна уу. Нэг намынх нь төлөөлөл гарч ирээд иргэдэд сая төгрөг өгнө гэж амлахаар. Нөгөөгийнх нь 1.5 саяыг өгнө гэхээр хошуурдагтай адилхан гэж бодож байна уу. Эсвэл үнэхээр мэдэхгүй байгаа бол хэдэн тайлбар хийе.

Дахиад хэлье, үнэгүй мөнгө гэж хаана ч байхгүй.  Зээлийн эх үүсвэр гэж зайлшгүй байдаг. Зээлэнд өгөх мөнгийг яаж олох вэ гэдэг асуудал. Хадгаламжаар мөнгө татаад, буцаагаад зээлбэл хадгалуулсан хүнд өгөх ашгаа харна. Дээрээс нь үйл ажиллагаан зардал, дараа нь бизнес эрхэлж байгаа хүн бас ашиг авна. Зээлийн эцсийн хүү ингэж тогтдог. Манай банкууд гадаадаас зээлийн эх үүсвэр татдаг. Арай баг хүүгээр валют  зээлж байгаа. Түүн дээрээ үйл ажиллагааны зардал, ашгаа нэмээд, буцаагаад зээлнэ.  Хүүгүй зээл гаргах нь битгий хэл сарын 2-3 хувиас буурахгүй байгаа нь үүнтэй холбоотой. Аз болоод МАХН ялчихаж гэж бодъё.

Э.Эрдэнэжамъян алхаж явтал 100 тонн алт олсон ч байж болно

Ялаад зогсохгүй гэнэт их мөнгө олжээ гэж төсөөлье, ипотекийн зээлийн эх үүсвэр шүү. Э.Эрдэнэжамъян алхаж явтал 100 тонн алт олсон ч байж болно. Тэр мөнгөөрөө ипотекийн зээл олгоё гэвэл банкаар дамжуулж таарна. Банк үйл ажиллагааны зардлаа олж авахын тулд хамгийн багадаа 3-4 хувийн хүү тавихаас өөр аргагүй.

Өөр нэг хувилбар байж болно. МАХН олсон мөнгөөрөө банкуудын хүүг иргэний өмнөөс төлж өгнө. Жилийн 8 хувийн хүүтэй зээл авч, байртай болсон хүн үндсэн зээлээ хоёр дахин нугалж төлж байгаа. 60 саяар багавтар хоёр өрөө байр авсан хүн 120 болгож төлнө. Ингэж тооцвол МАХН-ын Засгийн газар хүүнд төлөх 60 саяыг нь банкинд өгөх нь л дээ.  Улс үнэхээр их мөнгөтэй байвал хамаа алга, хүүг нь төлж болно.  Гэхдээ дагаж гарах эрсдэлүүдийг нь яаж шийдэх шийдэл Н.Энхбаяр даргад байна уу.

Ипотекийн зээлийг ямар нэг аргаар хүүгүй өглөө гэж бодъё. Дагаад орон сууцны үнэ өснө. Ипотекийн 8 хувийн зээлийн хөтөлбөр гарч ирээгүй байхад орон сууцны үнэ ам.метр нь хэдэн төгрөг байлаа. Үнэхээр тансаг зэрэглэлийн орон сууцны ам.метрийн үнэ сая давсан байсан. Гэтэл ипотекийн зээл гарч ирсний дараа л орон сууцны үнэ хоёр дахин нэмэгдсэн.  Яг л энэ нөхцөл байдал давтагдана, угаасаа эрэлт ихсэхээр үнэ өсдөг нь зах зээлийн хууль.  Үнэ өссөн ч гэсэн хүүгүй зээл өгч байгаа юм чинь гээд иргэд дайрах л байх. Барилгын компаниуд ашиг олж, салбар нь тэлэх нь мэдээж, Э.Эрдэнэжамъян зөв тооцож. Харин барилгын компаниуд амь ороод, олон орон сууц барихаар материалын хэрэгцээ нэмэгдэнэ. Барилгын материалыг цементээс бусдыг нь гадаадаас авдаг. Гаднаас авахаар валют хэрэгтэй болно. Валютын эрэлт нэмэгдэж, ханш нь өснө биз дээ. Эсрэгээрээ төгрөгийн ханш суларч, бараа бүтээгдэхүүний үнэ өснө.

Ам.долларын ханшаа барих гэж байгаа нөөцөө цацах уу. Эсвэл мөнгө хэвлээд шийдчих юм уу. Тэгвэл төсөв байнга асар их алдагдалтай болно. Хүмүүст байрыг нь өмчлүүлэх биш эзэмшүүлэх л болж таарах байх. Тэгэхээр МАН-ынхан минь, Н.Энхбаяр дарга аа, Э.Эрдэнэжамъян нарийн бичиг ээ, наад санаа чинь улсынхаа судсанд хортой тариа тарихтай адил сонсогдож байна. Ийм бүтэхгүй поп амлалт битгий өг.  Улстөрчдийн хамгийн гол зорилго нь сонгуульд ялах байж болно. Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-ынхан одоогийн Ерөнхийлөгчид бүх хүмүүсийн зээлийг тэглэх боломжийг судлах зөвлөмж гээчийг өгч байлаа. Угаасаа боломжгүй зүйл.  Эрх баригчид 2020 оны төсөв ярихдаа бас л амлалтын чанартай тоо хэлсэн. Багш нарын цалинг 1.5 сая төгрөг болгох гэх мэтээр. Одоо МАХН-ынхан балайрч эхэллээ.  Утгагүй амлалтуудаа боль, түүний оронд зарим нэг нь зүгээр улс төрөөс зайгаа ав.

Zaluu.com

Түгээх:
TSEG.mn таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.