Цэрэг амиа алдсан хэрэгт холбогдогчдод 6 сараас 5 жилийн хорих ял оноолоо
000ecc_20140313_060918_x974

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар цэргийн ангид алба хааж байсан байлдагч А цаг бусаар нас барсан хэрэг энэ оны нэгдүгээр сарын 22-нд гарсан билээ.

Уг хэрэгт А.Энхбаяр, Р.Вандлхангаа, П.Бадамсамбуу нарыг холбогдогчоор татсан юм.  Тэдний гэм бурууг шүүх хурал өчигдөр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй болж, 21:30 цагт дуусжээ.

Шүүхээс шүүгдэгч А.Энхбаярт эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил, Р.Вандлхангаад Эрүүгийн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил, П.Бадамсамбууд мөн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оноожээ.

Шүүгдэгч Р.Вандлхангаа: Зэвсэгт хүчний 336 дугаар ангид  Мотобуудлагын батальоны танкийн ротын 1 дүгээр салааны механик, жолоочоор ажиллаж байсан.

Шүүгдэгч А.Энхбаяр: Зэвсэгт хүчний 336 дугаар ангид  Мотобуудлагын батальоны танкийн ротын захирагчаар ажиллаж байсан.

Шүүгдэгч Р.Вандлхангаа, А.Энхбаяр нар нь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид  хугацаат цэргийн алба хааж байсан захирагдагч, байлдагч агсан Б.Алтантулгатай цэргийн дүрмийн бус байдлаар харьцан, гар утас хэрэглэсэн гэх шалтгаанаар хөнжил, пүүгээг үүрүүлэн гүйлгэж, галуун цуваагаар алхуулсан, мөн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ билүүлэлгүй,  хугацаат цэргийн алба хаагч нарт гүйлгэх дүрмийн бус шийтгэл оногдуулсны улмаас байлдагч Б.Алтантулгын амь насыг болгоомжгүй хохироосон,

Шүүгдэгч П.Бадамсамбуу: Зэвсэгт хүчний 336 дугаар ангид  Мотобуудлагын бателоны миномётын батальоны салаан захирагчаар ажиллаж байсан. Монгол Улсын Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байранд захирагдагч  байлдагч Б.Алтантулгатай  дүрмийн бус харьцан, зодож, хүч хэрэглэсэн гэж Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэв.

Хуулийн заалт:

10.6 дугаар зүйл.Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох

1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

28.3 дугаар зүйл.Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх

1.Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Шүүх хуралд улсын яллагч А.Дүүрэнбилэг, хохирогч Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Р.Булгамаа, Д.Даваадорж, Б.Өлзийцэрэн, шүүгдэгч А.Энхбаяр, түүний өмгөөлөгч Э.Нарангарав, Ж.Хүдэрчулуун, шүүгдэгч П.Бадамсамбуу, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар, шүүгдэгч Р.Вандлхангаа, түүний өмгөөлөгч Ж.Чимэг нарыг оролцуулсан байна.



Хэргийн талаар эргэн сануулахад, Орхон аймгаас цэрэгт татагдсан байлдагч А-г гүйлтэнд гүйж байгаад ухаан алдаад, эмнэлэгийн тусламж авч чадалгүй нас барсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байсан.

Харин талийгаачийн ар гэрийнхэн олон тооны хөхрөлт, зулгаралттай цогцосны зургийг олон нийтийн сүлжээнд тавьж, дэглэлт, зодуурын улмаас нас барсан гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Гэвч задлан шинжилгээгээр талийгаач А-гийн үхэлд гадны нөлөө байгаагүй гэсэн дүгнэлт гарсан билээ.

Түгээх:
TSEG.mn таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих