Монгол бөхчүүд ард түмний хайраар лав дутаагүй

Бөхчүүдийн хэрэглэсэн гэх сэргээшний эргэн тойронд-

Улсын баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авдаг болоод удаж байгаа. Наадмын догдлол намжаагүй шахам байхад нөгөө хөгжөөн баясгасан бөхчүүдээс сэргээш илэрсэн гэх хов жив “хийсч” эхэлдэг болоод бас л удаж байна. Өнөө жилийн хувьд хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн талаар Үндэсний бөхийн салбар комисс өнгөрөгч наймдугаар сард мэдээлсэн. Хачирхалтай нь, ингэж мэдээлэхээс өмнө цахим ертөнцөөр “Улсын аварга Э.Оюунболд сэргээш хэрэглэсэн үү” гэх мэдээ гэрлийн хурдаар цацагдсан нь юуных вэ. Наадмын түрүү бөх Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболд өөрийг нь гүтгэсэн хэмээн сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан бол улсын начин Д.Цэрэнтогтох нь шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрөөгүй.

Харин Үндэсний бөхийн салбар хороо саяхан хуралдаж, шийдвэрээ гаргажээ. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин “Улсын баяр наадамд түрүүлсэн аварга Э.Оюунболд болон улсын начин Цэрэнтогтох нараас допинг илэрсэн. Э.Оюунболд В сорьцын шинжилгээг хүлээхгүй гэдгээ мэдэгдсэн. Харин Д.Цэрэнтогтох В сорьцын шинжилгээг харна гэдгээ хэлсэн. В сорьцын шинжилгээний хариу А сорьцтойгоо таарсан.Хурлаар энэ жилийн баяр наадамд түрүүлж, аварга болсон Э.Оюунболд болон тав давж начин цолоо бататгасан Д.Цэрэнтогтох нарын даваа бүрийг хүчингүйд тооцож, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэрт хүрсэн. Мөн наадмын барилдааны таваас дээш даваанд буюу Э.Оюунболдод унасан дөрвөн бөхөд нөхөж цол олгохоос гадна улсын арслан Ц.Содномдоржид чимэг нөхөж олгохоор шийдсэн. Гэхдээ Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны энэхүү шийдвэр эцсийнх биш гэдгийг санах хэрэгтэй. Бид саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьж байгаа бөгөөд шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана” гэж мэдэгдсэн юм.

Дэлхийд аль ч спортод сэргээшийн төрлийн, хориотой эм бэлдмэл хэрэглэхийг хориглосон байдаг төдийгүй ийм үзэгдэлтэй хатуу тэмцдэг болоод удаж байна. Өөрөөр хэлбэл, цэвэр хөдөлмөр, шударга өрсөлдөөнийг хүсч байна гэсэн үг. Ямартаа л сэргээш хэрэглэсэн гэх үндэслэлээр ОХУ-ын баг тамирчдыг өвлийн олимпод Улсынх нь далбаан дор бус, ОУОХ-ны далбаан дор оролцуулж байхав дээ. Гэхдээ Олимп гэдэг бөөрөнхий бөмбөрцөг даяарын асуудал болохоос биш, манай бөхчүүдийнх шиг хотон доторх хэрүүл биш юм.

Сэргээш илэрсэн бөхчүүдийн тайлбар ерөнхийдөө адилхан

Шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс жил бүр допингийн шинжилгээ авдаг, бас сэргээш илэрдэг. Харин бөхчүүдийн хариу тайлбар ерөнхийдөө адилхан. “Бэртэл гэмтлийн улмаас хэрэглэж байсан эм тарианаас бодис илэрсэн бололтой. Түүнээс биш зориуд хэрэглэсэн зүйл байхгүй” гэдэг үгийг л хэлдэг. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд 2018 онд таван бөхөөс допинг илэрсэн. Тэднээс ганцхан Улсын гарьд Н.Ганбаатар “Одоо би 36 настай. 10 жилийн өмнө энэ өндөр цолонд хүрсэн. Надаас илэрсэн гэх хориотой бодис нь булчингийн урагдал болон зөөлөн эдийн тасралтад эмнэлгийн практикт хэрэглэдэг аж. 2008, 2009 онд өвдгөндөө авсан бэртэл сэдэрч, БНХАУ-ын Бээжингийн гэмтлийн төв эмнэлэгт мэс засалгүй эмчилгээ хийлгэх хүсэлт тавьсны дагуу дөрвөн өдрийн турш хятад бичигтэй тариа хийж эмчилсэн. Өөр ямар нэг байдлаар эм тариа хэрэглэсэн зүйл байхгүй бөгөөд олон сарын өмнө хийлгэсэн энэ эмчилгээнээс ийм зүйл илэрнэ хэмээн санаж байсангүй” гээд бөхөд хайртай зон олноосоо уучлал гуйсан байдаг.

Бөхийн хоёр холбоо ч бөхчүүдээ самарч байна

Монголд ер нь хуваагдаж талцаагүй салбар гэж бараг үгүй. Үүний нэг жишээ нь Монгол бөхийн хоёр холбоо байгаа явдал юм. Уг нь, үндэсний хэмжээний бөхөд ганцхан холбоо хангалттай баймаар. Баяр наадам, цагаан сар, аливаа байгууллагын тэмдэглэлт ойгоор бай шагналын төлөө барилддаг улс биз дээ. Түүнээс тив, дэлхий, олимпод цоллуулж гардаг спортын төрөл биш. Жилдээ ганц болдог наадамдаа аятайхан барилдчихгүй цолны найраа, сэргээш энэ тэр гээд л араас нь хэл ам татлаад унадаг гачлантай хүмүүс. Монголд бөх дуучин хоёр ард түмний хайраар л лав дутаагүй. Харин тэд хариуг нь яаж барьдгийг мэдэхгүй. Дээр нь хоёр толгойтой болсон хойно бөхчүүдээ хагалан бутаргахдаа гаргууд байх шиг. Монголд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн тэргүүлдэг нэг, “Гацуурт”-ын Л.Чинбатын тэргүүлдэг нэг холбоо бий. Угаасаа дархан аварга хүн өөрийн мэддэг чаддаг холбоог тэргүүлэх нь байх л зүйл. Харин “Гацуурт”-ын Л.Чинбат бөх рүү ороод юугаа хийнэ. Аливаа хүн сайн чаддаг зүйлээ хийсэн нь дээргүй юу гэж боддогоо ил хэлчихье. Бөхчүүд хүртэл Бөхийн холбоо нь бөхчүүдийг сэргээш хэрэглэсэн гэж гүтгэж, харлуулдаг гэж хэлж байсан удаатай. Гомдсон хүний үг байх гэж бодтол бас үгүй юм аа. Энэ жилийн хувьд гэхэд л Баяр наадмын комисс нь хуралдаж, эцсийн шийд гаргаагүй байхад Л.Чинбатын тэргүүлдэг Бөхийн холбоо яаран мэдэгдэл хийж, Э.Оюунболдод арга хэмжээ аваад өгөөч гээд тал тал тийш нь бичиг шидээд сууж байхав дээ.

Бөхчүүдийн шинжилгээний хариуг сольдог байж болзошгүй

Сэргээш илэрсэн гэж зарлагдсан хоёр бөх Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны удирдлагуудыг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог, авлига авдаг гэх гомдлыг АТГ-т хүргүүлээд байсан юм. Тэдний гаргасан гомдолтой холбоотойгоор АТГ-аас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны удирдлагын зарим хүмүүст хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна. Тиймээс сүүлийн 10 жилийн хугацаанд сэргээшийн шинжилгээ өгсөн бөхчүүдийн хариу зөрсөн, сольсон асуудал байгаа эсэхийг нарийвчлан шалгаж, нягтлах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна. Ер нь Улсын аварга Э.Оюунболд допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан Үндэсний бөхийн салбар хороо, Улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг Ерөнхийлөгчид өргөн барьсан асуудлыг эсэргүүцэж шүүхэд гомдол гаргасан ч түүний нэхэмжлэлийг хүлээж аваагүй юм.

Хэн хэнээс сэргээш илэрсэн бэ?(Эх сурвалж: www.antidoping.mn)

Допингийн эсрэг үндэсний төвийн албан ёсны мэдээллээр бол 2002 оноос хойшхи хугацаанд дараах 28 бөхөөс сэргээш илэрч хариуцлага хүлээж байжээ.

1. 2002 он: А.Сүхбат /анаболик стероид/

2. 2003 он: Д.Батбаяр /анаболик стероид/

3. 2004 он: Д.Мягмарсүрэн /анаболик стероид/

4. 2004 он: Г.Ганхуяг /анаболик стероид/

5. 2006 он: Д.Рагчаа /анаболик стероид/

6. 2006 он: Г.Эрхэмбаяр /анаболик стероид/

7. 2009 он: Ц.Сумъяабэйс /анаболик стероид/

8. 2009 он: Б.Соронзонболд /дексаметазон/

9. 2011 он: Г.Алтангэрэл /анаболик стероид/

10. 2011 он: Ц.Цогбаяр /анаболик стероид/

11. 2012 он: Х.Мөнхбаатар /анаболик стероид/

12. 2012 он: Б.Сугаржаргал /анаболик стероид/

13. 2014 он: Б.Суманчулуун /анаболик стероид/

14. 2014 он: Н.Адъяабат /анаболик стероид/

15. 2016 он: Б.Баатарцол

16. 2016 он: Б.Ганзориг

17. 2017 он: Ө.Бат-Орших

18. 2017 он: Б.Пүрэвсайхан

19. 2017 он: Э.Даш

20. 2017 он: Б.Номиндалай

21. 2017 он: С.Майнбаяр

22. 2018 он: Б.Соронзонболд

23. 2018 он: Б.Гончигтавхай

24. 2018 он: Н.Ганбаатар

25. 2018 он: А.Цацабшир

26. 2018 он: Ц.Бямба-Очир

27. 2019 он: Э.Оюунболд

28. 2019 он: Д.Цэрэнтогтох

Нийт 28 бөхөөс сэргээш илэрснээс эхний хоёр жилд тус бүр нэг, үүнээс хойш долоон жил дараалж тус бүр хоёр, харин 2017-2018 онуудад тус бүр тав болж өсөөд энэ жил хоёр болж буурчээ. Бөхчүүдийн допингийн анхдагч нь Дархан аварга А.Сүхбат байдаг. Энэ талаар Даяар дуурсагдах, далай даян дархан аварга, МонголУлсын хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх “Допинг А.Сүхбатаас эхлэлтэй байж болох талтай” хэмээн экс хүргэнийхээ талаар хэвлэлд ярилцлага өгсөн нь ч бий. 2002-2014 он хүртэл 14 бөхөөс илэрсэн допингийн төрөл нь анаболик стероид байж. Ганцхан нь дексаметазон гэгч бодис байжээ.

Анаболик стеройд гэж юу вэ?

Тэгвэл анаболик стеройд гэж юу вэ? Энэ нь синтетик аргаар буюу лабораторид гаргаж авсан эр бэлгийн даавар “тестостерон” юм. Уг дааврын нэмэлт бүтээгдэхүүнийг АНУ-ын Хууль зүйн яамны харьяа Мансууруулах бодистой тэмцэх газраас “Гуравдугаар зэрэглэл”-ийн хориотой бодисын жагсаалтад оруулсан байдаг. Эмчийн жороор л биш бол уг дааврыг хэрэглэх нь “хууль бус”. Монголд БНХАУ-аас хууль бусаар импортлон оруулж ирж буй уг дааврыг сүүлийн үед бодибилдингийн спортоор хичээллэгчид, тамирчид, өсвөр үеийнхэн болон залуучууд ихээр хэрэглэж байна. Энэ даавар нь яс, булчингийн уургийн нийлэгжэлтийг ихэсгэдэг болохоор нэмэлтээр авсан тохиолдолд булчингийн нөхөн төлжилт хурдан, ядрал бага байна. Жирийн үед хүний булчин ядралаас буцаж төлжих сэргэлтийн хугацаа 48 цаг байдаг бол стеройд хэрэглэхэд хоёр дахин хурдасна. Мөн булчингийн масс хурдан томорно, өөх шатах процесс хурдасдаг учраас түргэн хугацаанд сайхан биетэй болох зорилгоор залуучууд хэрэглэж байна. Сөрөг үр дагаврууд нь удаан хугацааны дараа илэрдэг учраас манайхан мэдэхгүй хэрэглээд байгаа бололтой. Үүнийг хэрэглэснээр элэг, бөөр, түрүү булчирхайн хорт хавдар үүсгэх гол хүчин зүйл болдог.Үнэндээ бол яс сийрэгжсэн үед ясны өвдөлтийг бууруулах гэж, хавдрын химийн эмчилгээний үед булчингийн нөхөн төлжилтийг сэргээх зорилгоор, Гэмтэл, түлэгдэлт, мэс заслын дараа өвчтөний жин огцом буурах үед, цус төлжилтийн хямрал, үрийн шингэн бага үүсэх буюу зарим бэлгийн сулралын үед,
үсэрхийлэлтэй хөхний хорт хавдрын үед гэх мэт эрүүл мэндийн ноцтой нөхцөл байдлын үед эмчилгээний тунгаар хэрэглэх заалттай ажээ. Харин уур уцаар ихэсч, ааш зан ширүүсэх, бэлгийн дур хүсэл хэт их төрөх,сэтгэл гутралд орох гаж нөлөөтэй юм байна. Ямартаа л маш олон амиа хорлолтууд анаболик стероидтой холбоотой байсан нь тогтоогдсон байдаг гэнэ.

Н.Саранчимэг
Medee.mn

Түгээх:
TSEG.mn таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.