З.Санждорж: Бурханы шашин хөгжиж байна уу, нэрийг нь баригчид хөлжиж байна уу?

“Комментатор” нэвтрүүлгийн хөтлөгч,Соёлын гавьяат зүтгэлтэн,сэтгүүлч Ц.Энхбат Монголын бурхан шашны өнөөгийн хөгжлийн асуудлаар Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн хамба, гэвш, зурхайч З.Санждоржтой хөөрөлдсөнийг уншигч танаа толилуулж байна.

-Зурхайчид мэргэ төлөг буулгадаг. Түүнийг нь нягталж, эргэж харьцуулж дүгнэх нь тэр бүр ховор. “2019 он их усархаг жил болно” гэж та айлдсан байна. Үүнийг “Зууны мэдээ” сонины нийтлэлээс эргэн нягталлаа?
-Цагаан сарын өмнөхөн тус сонины сэтгүүлч бүсгүй уламжлал ёсоор жилийн өнгө төрхийг тодотгон асуусан. “Монгол орны хэмжээгээр хур бороо элбэгтэй, усархаг жил болно” гэж зурхайд бууснаа л хэлсэн. Үнэхээр хур бороо элбэг, хур бороогоо дагаад өвс ногоо ч сайхан ургаж, байгаль дэлхий өнгө зассан дэлгэр зун, намрыг үдлээ. Мал сүрэг ч тарга хүч сайн авч, сүү цагаа ч элбэг байлаа.
-Яг тан шиг зурхайгаар дагнасан лам олон биш байх. Сүсэгтэн олон ч таныг зурхайч Санждорж гэдгээр нь илүү сайн мэдэх болж?
-1990 оны Ардчилсан хувьсгалын буянаар бурханы шашин дахин сэргэж, аажмаар түгэн дэлгэрсэн. Орон даяар бүх сүм хийд үүд хаалгаа нээсэн. Олон ч сүм хийд шинээр байгуулагдсан. Би бол тэдний л нэг. Гандантэгчинлэн хийдийн Манба-дацанд анхлан багшилж, улмаар Ламиран дацангийн зурхайч болсон байсан үед ардчилсан хувьсгалтай золгосон. Түүнээс хойш тасралтгүй 30 жил зурхайгаар дагналаа. Сүсэгтэн олонд зориулж өөрийн хийдийг барьж байгуулан бурханы шашиндаа үнэнчээр зүтгэж байна.
-Зурхайн ухааныг тооны ухаан гэдэг.
-Яг үнэн. Зурхай гэдэг тооны ухаан мөн. Хамгийн энгийнээс жишээ авъя. Ивээл, харш жилийг зурхайчид алган дээрээ л харчихдаг. Үүнийг тогтооход маш хялбар. Ердөө л, өөрийнхөө жилээс тоолоход тав, есийн тоон дээр дандаа ивээл жил, долоон дээр харш жил таардаг. Үүнийг л саначихад хангалттай. Сүсэгтэн олны хамгийн их асууж сурдаг зүйл бол суудал, суудал өнцөгдөх. Найман суудал бий. Зурхайч бид найман суудлыг мөн л алга, хурууны үеэр төсөөлөөд бодчихдог. Сурчихвал, энгийн хүмүүс ч өөрөө бодоод олчихож дөнгөнө. Суудалтай холбоотой нэгэн домгийг сонирхуулан хуучилъя. Нэг яст мэлхий байж гэнэ. Тэр яст мэлхийг анчин нум сумаараа харвачихжээ. Харвуулсан яст мэлхий дээшээ хараад бурханы оронд оджээ. Тэгэхдээ доошоогоо шээс алдаж, дээшээ толгойноос нь гал бадарч үхсэн гэсэн домог байдаг юм. Энэ домгоос зурхайн суудал тоологддог. Яст мэлхийн толгойн хэсэг нь гал махбодь, эсрэг тал нь усан махбодь, нум сумаар харвасан үзүүрт нь зэв төмөр байна, төмөр нэвт гарсан тэр тал нь төмөр махбодь, нум сумын иш нь мод байна, тэр нь модон махбодь. Гал, ус, мод, төмөр суудал нь тэгш байх нь. Нөгөө дөрвөн өнцөгийг яаж гаргасан бэ гэвэл, мэлхий шороон дээр унасан учир шороо, тэгээд огторгүй, хий, уул гээд махбодиуд байна. Ийм л дүрслэлтэй, хялбар ойлголт юм. Мэдэхгүй хүмүүс зурхайг танигдашгүй, таагдашгүй мэтээр төсөөлдөг. Учрыг нь олбол ийм энгийн.
-Энэ намар Улаанбаатар хотод Азийн Буддистуудын их хурал, Самбад III Бурханы шашины олон улсын хурал шил дараалан болсон. Монгол Улсын нэр хүнд өсөж байна гэж харж болох уу?
-Манай бурханы шашин маань олон улсад нэр нөлөөтэй үе байсан. Санахад, Азийн Буддистуудын Энхтайваны анхдугаар бага хурлыг Улаанбаатар хотод зохиоход би оюутан байлаа. Жүгдэр доктор хариуцаж зохион байгуулсан юмдаг. Түүнээс хойш хоёрдахь удаагаа хуралдлаа. “Чойжамц хамба сонгуульт ажлаа хангалтгүй хийлээ. Азийн Буддистуудын холбооны бага хурлыг 30-аад жил тасалдууллаа. Бэлтгэл, зохион байгуулалт тааруухан. Ийм байгууллагын удирдлага бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор” гэж тус Бага хурлын төлөөлөгч, Оросын буддын шашны ерөнхийлөгч Дамба Бадмаев Аюушеев гэж хамба лам шаардсан үйл явдал болж өнгөрлөө. Хангалтгүй ажилласан гэсэн шүүмжлэлийг хүлээсэн Чойжамц хамба дахиад л сонгогдсон. Дүгнэвэл, Бурхан шашныхаа нэр хүндийг бодож, өөрсдийнхөө алдаа дутагдлыг хүлээж сурах хэрэгтэйг сануулсан үйл явдал өрнөсөн. Өөрсдийнхөө явцуу зорилгод Олон улсын их хурлыг нийцүүлэх гэж оролдсон нь төлөөлөгчдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Хурал хийсэн нь дэвшил ч, харамсалтай нь Монголын бурхан шашинтны нэр нөлөө бүс нутагтаа дээшилсэн гэж хэлж чадахгүй нь.
-Батцагаан дуган ашиглалтад орлоо. “Батцагаан” дуганыг нээх үеэр сүсэгтэн олны анхаарлыг татсан нэг үйл явдал болсон. Сүүлийн 100 жилд буугаагүй Чойжин буусан?
-Нээлт нь үүрийн 04:00 цагт эхэлсэн. Өглөөний 05:00 цагт XIV Далай ламын төлөөний хүн Найчин Чойжин гуай морилсон. 100 жил буугаагүй Чойжин буулаа гэж манайхан янз бүрээр л бичиж, мэдээлсэн.
Манай Монголын шашины уламжлалд гадны Чойжин бууж байсан түүхийг огт мэдэхгүй. Монгол Улс өөртөө Чойжин ламын сүмтэй, тэнд л бууж байсан уламжлалтай. Чойжин бууна гэдэг нь богдын хойд дүр болох хүүхдийг тодруулах, эс бөгөөс, ямар нэгэн тодорхой зан үйлийг зөгнөж буудаг.
-Тэгвэл саяны Чойжин буухдаа юу гэж хэлэв?
-Монголын бурханы шашин удаан сайхан оршин тогтнох тухай л буулаа гэсэн тайлбарыг албаны эх сурвалж мэдээлсэн. Миний хувьд энэ мэдээлэлд ихээхэн эргэлзэж буй. Зан үйлийг дураараа гуйвуулж болохгүй. Тэгээд ч Монголын бурхан шашны асуудлыг гаднаас ирсэн хэн нэгэн хувилгаан шийддэг уламжлал байж огт таарахгүй. Монголын бурхан шашин бол Монголын л бурхан шашин. Монголчууд л өөрсдөө асуудлаа шийдэх ёстой. Тэргүүнээ өөрсдөө мэдэж сонгох ёстой. Тэр уламжлалаа дагах ёстой.Энэ миний үзэл.
-Х Богдын хойд дүрийг тодруулчихлаа гэж хэвлэлээр багагүй шуугисан?
-Хэвлэлээр шуугих тусдаа асуудал. Х Богдыг тодруулах гээд байгаа гол шалтгаан нь Монголын бурхан шашныг зөв тэргүүнтэй болгоход оршиж буй. Бид түүхэндээ нэг бус удаа будилсан. VIII,IX Богдын аль алинд нь. Түүх яривал дэндүү сунжирна.
Монголын бурханы шашин гэдэг ухагдахууныг Богдын тамган дээрээс үзэж харж болно. “Төр бат, шашин тунгалаг” гэж  маш товчоор онож томъёолсон байдаг. Үүний дагуу  Монголын бурханы шашины тэргүүнийг сонгохдоо хиргүй тунгалаг, оюун санааныхаа удирдагчийг л олоход гол учир оршиж байна. Хойд дүрийн хувьд “УИХ-ын гишүүн нэгэн эмэгтэйн хүүхдийг X-р Богдоор сойж байна. Түвэд лам байна  “ гэх мэтчилэн та бүхэн дуулсан л байх. Ард түмнээсээ нууж хаацайлан, уламжлалаа хөсөрдүүлэн, эрхтэн дархтаны үр садыг Монголын шашины тэргүүн X-р Богдоор тодруулах гэж буй оролдлого нь зөвтгөх үйлдэл яавч биш. Богдын томъёолсноор “Шашин тунгалаг “ байх учиртай.
-Батцагаан цогчин дуганд орж үзсэн. Сайхан дугана байна билээ. Зарим зүйл дутуу санагдсан. Үзмэрийн танхимд улс орнуудын бэлэг дурсгалыг байрлуулсан ч тайлбар нь дутуу ажиглагдсан?
-Батцагаан цогчин дуганы хамгийн гол шүтээн гэж бий. Тэр нь Энэтхэгийн Ерөнхий сайдаас бэлгэнд ирүүлсэн бурхан багш юм. Түүнийг нь цогчин дугандаа голлуулан байрлуулсан. Гэтэл цогчин дуганы гол шүтээн Бурхан багшийг хэрхэн, яаж бүтээв гэдэг нь асуудал дагуулсан. Ёс бус хоёрын зэрэг үйлдэл сэтгэл эмзэглүүлсэн. Хөрөнгийг нь Энэтхэгийн Ерөнхий сайд гаргаж, Энэтхэгт бүтээсэн энэ бурхан багшийн дүрийн суурийг хар төмрөөр хийсэн. Монголчууд хийд, дуганыхаа гол шүтээнд хэзээ ч хар төмөр оруулдаггүй. Хар төмрөөр монголчууд эртнээс хутга, жад зэрэг  хүйтэн зэвсэг л хийдэг байсан.
-Бурханыг  голдуу зэс, гууль зэрэг өнгөт металлаар хийж ирсэн уламжлалтай биз дээ?
-Есөн эрдэнээр бүтээдэг уламжлалтай. Мэдээж ийм том бурхан багшийг алтаар хийх нь их хөрөнгө шаардах учир бэрхшээлтэй. Цалин цагаан мөнгө ч үнэтэй тусна. Алт, мөнгөөр хийж чаддаггүй юм аа гэхэд зэсээр хийчих л байх. Харин шинээр нээж буй цогчин дуганыхаа гол шүтээнийг хар төмөр оролцуулан хийнэ гэдэг бол маш бэлэгдэл муутай. Том доромжлол. Ийм бэлгийг буцаах ёстой байсан. Бурханы шүншиг гэж бий. Сүсэгтэн олон ч энгийн нэг бурханаа ч шүншиглэж амилуулж ирсэн. Энэтхэгийн ерөнхий сайдаас бэлгэнд ирүүлсэн, дуганы гол шүтээнийг шүншиглэх гэтэл суурийг нь зэвэрчихсэн, зүүсэн, хар төмрөөр гагначихсан байсан. Хар төмөр маш хүнд жинтэй. Зэхэж бэлдсэн сэнтийд нь хүндэдсэн. Хаалгаар багтахгүй байсан учир цонхоо эвдэж оруулсан. Хамгийн эмзэглүүштэй нь нөгөө гол шүтээнийхээ мэлмийг модон хохимой өдрийн шөнийн цагаар нээсэн. Модон хохимой өдөр бурханы мэлмийг монголчууд нээж байгаагүй түүхтэй.
-Гандантэгчинлэн хийд, тэр тусмаа лам нар өөрсдөө өдөр судраа хамгийн сайн баримталдаг баймаар юм?
-Энгийн иргэд ч өдөр судар харж хэвшсэн шүү дээ. Гэтэл Гандантэгчинлэн хийдийн удирдлага бурхан багшийнхаа шүтээнийхээ мэлмийг тас харанхуй шөнө, дээр нь модон хохимой өдөр нээсэнд туйлаас эмзэглэж байна.
-Таныг Гандантэгчинлэн хийдийн Чойжамц хамбатай тэрсэлддэг. Тиймээс санаатайгаар ийм зүйл ярилаа гэх тайлбар дагалдах магадлалтай?
-Чойжамц хамбатай тэрсэлдэж буй мэт харагдаж байж магад. Гэхдээ би шударга үнэний л төлөө явж буй. Үнэнийг хэлсэн хүнд ноёд өш санадаг. Удаа дараа гүтгүүлсэн, дарамтлуулсан. Хэлж, ярьж байгаа зүйлээ бүгдийг баримтжуулдаг болсон. Тэгэхгүй бол мушгин гуйвуулж, гүтгэдэг. Энэ бол хаширсан хүний зовлон. Тиймээс хэн нэгнийг буруутгахад ашиглахад биш, өөрийгөө хамгаалах зориулалтаар нэг бүрчлэн баримтжуулсан. Надад дүрс бичлэг, фото нь бий.
Модон хохимой өдөр гол шүтээнийхээ мэлмийг нээсэн нь “Монголчууд та нар модоо бариарай” гэдэгтэй утга нэг үйлдэл. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас өгсүүлээд тэр хар төмрөөр бүтээсэн бурхан багшдаа бүгдийг нь мөргүүлж амжсан. Иргэд ч зуу зуугаараа мөргөж буй. Тэд мөргөхдөө энэ нарийн учрыг мэдэж судлаагүй.
Хэн нэгэнд бурхан багш бэлэглэлээ гэхэд, сэтгэлд зохистой бол гэрийнхээ шүтээн болгоно, сэтгэлд сэвтэй байвал эзэнд нь баярлалаа гээд буцаагаад өгдөг. Энэ бол монголчууд хүлээн авахад тун сэвтэй бурхан.
-Монголын бурханы шашны нэрийн өмнөөс Гандан хийдийн тэргүүн хамба Чойжамц хамба энэхүү бурхан багшийг Энэтхэгийн Ерөнхий сайдад “баярлалаа” гээд  буцаах л үүрэг хүлээх байж дээ. Энэ бол түүний хүлээх хариуцлага. тийм үү?
-Чойжамц хамба энэ бүхний хариуцлагыг хүлээх үүрэгтэй. Хариуцлагаас мултрах гээд, бурханы суурийг нь гангаар бүтээсэн гэж ч мэлзэж мэднэ. Гэхдээ ган хэзээ ч зэвэрдэггүй. Энэтхэгээс Монголд тээвэрлэх хооронд зэвэрч байна гэж бодохоор ямар хар төмөр вэ гэдэг нь ойлгомжтой. Төмрийн сэг, хаягдал гэж бодогдохоор. Шашин тунгалаг байх ёстой гэж Богдын хэлснийг санахаар үүнийг хэлж дэлгэхээс өөр аргагүй.
Өмнө нь ч Гандантэгчинлэн хийдэд Далай ламаас ирүүлсэн Богд Зонхов бурхан, түүний хоёр шавийг ч хар төмрөөр цутгасан байдаг. Үүнийгээ хамба өөрөө зөвшөөрсөн.
-Хоёр жилийн өмнө би Түвд орноор зорчсон. Тэнд мөргөл үйлдэхэд, ном уншуулахад тогтоосон үнэ тариф алга. Харин манай тэргүүлэх, гол хийд болох Гандантэгчинлэн хийд ядарсан, зүдэрсэн сүсэгтнүүдээсээ тарифын дагуу мөнгийг нь салгадаг. Яг л хар зах дээр наймаа хийж буй мэт. Ийм байж болох уу?
-Болохгүй гэдэг талаар тантай санал нэг байна. Би Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад нь хандаж, Гандантэгчинлэн хийдийн энэхүү тогтоосон үнэ тарифыг зогсоох тухай хүсэлтийг албан тоотоор уламжилсан. Таны саналыг дэмжиж байна гэж Ерөнхийлөгчийн Тамгын газраас тухайн үед хариу ирүүлж байсан. Шийдвэрийг хүлээж байтал сураг тасарсан. Тэгтэл хэвлэлийнхэн энэ асуудлыг сөхөж, шуурсан. Гэтэл “Энэ бол тогтоосон тариф биш, харамж” гэсэн тайлбарыг тухайн үедээ хамба Чойжамц тайлбарласан. Харамж, төлбөрийн хооронд ялгаа бий. Сүжгээрээ өгөхийг харамж гэнэ. Шашин тунгалаг байна гэдэг үндсэн зарчмыг Гандантэгчинлэн хийд, түүний удирдлага өнөөг хүртэл зөрчсөөр байна.
Манай хийд, Дашчойлин хийд гээд бусад хийдэд ёстой л харамжаар үйлчилдэг. Тэнд төв Гандантай адил нэг ч тариф байхгүй.
-Гандантэгчинлэн хийд өөрөө аялал жуулчлалын нэг талбар. Энэ утгаараа хийд рүү нэвтрэхэд тодорхой төлбөр байж болох мэт. Гандантэгчинлэнг гадна, дотны мянга мянган хүн зорьж байна. Хүмүүс зорчих эрэлт хэрэгцээ байна. Жишээлбэл, Францын Луврын музейг та мэднэ. Орлого нь өдөр өдрөөр гардаг.  Хотоо ч санхүүжүүлдэг. Гэтэл Гандантэгчинлэн хийдийн нэг өдрийн орлогын тайланг үзсэнгүй. Санхүү  нь ил тод, тунгалаг байна гэж  өнөөг хүртэл сонссонгүй?
-Уг нь хамгийн ил тод байх ёстой газар чинь Гандантэгчинлэн хийд. Сүсэгтэн олондоо “Энэ сард төдий хэмжээний хандив цуглалаа, ийм буяны ажилд тэдийг зарлаа” гээд тайлагнах ёстой…
-Хоёулаа бурхан шашин, зурхайн тухай асуудал ярьж байтал өөрийн мэдэлгүй хамба Чойжамцын үйлдэл рүү хальтраад эхэллээ. Ингэхэд хамба лам өөрийгөө Хамба Номун хаан гэж өргөмжилсөн гэж дуулсан. Өөрийгөө бүх насаар нь өргөмжилсөн  гэсэн үг үү?
-Бурханы шашны тухай ярихад хамбын тухай ярихаас аргагүй. Энэ хүн чинь сүүлийн 30 жил тасралтгүй хамбаар ажиллаж буй. Гэхдээ бүх насаар нь сонгосон дүрэм манайд байхгүй.
1991 онд Монголын бурхан шашинтны анхдугаар чуулган хуралдаж, “Монголын бурхан шашинтны төв” гэдэг байгууллагыг нь анх байгуулж, дүрмээ баталж, ерөнхийлөгчөөр нь Мөнхдэмбэрэл гэдэг ламыг сонгосон. Тухайн үед Чойжамц хамба АИХ-ын депутат байсан. Депутатаасаа буунгуут Гандантэгчинлэн хийдэд буцан ирж, хийдийн хамба болсон байдаг. Үүнийхээ дараа эрх мэдлээ улам ахиулахын тулд Монголын бурхан шашинтны төвийг Гандантэгчинлэн хийдтэй нэгтгэж, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд болгон өөрчилж, Монголын бурхан шашинтны тэргүүн, Гандантэгчинлэн хийдийн их хамба гэж өргөмжлөгдсөн. Харин хоёр жилийн өмнөхөн Хамба Номун хаан гэж өөрийгөө өргөмжилсөн. Цаанаа зорилготой гэж би хардаг.
Хамба Номун хаан гэхээр ямар давуу эрх олж байна гэсэн асуулт үүснэ. Аль нэг Богдын хойд дүрийг тодруулах эрхийг олж авч байгаа юм.
-Гэтэл Монголын бурханы шашин маш их хумигдаж, гаднын шашинд орон зайгаа алдаж байна?
-Шашны статистикийг дэлгээд байдаггүй. Ямар ч гэсэн 1990 онд, төр-сүм хийдийн харилцааны хууль гарахаас өмнө Монгол Улс 100 хувь бурханы шашинтай байсан нь үнэн. Гэтэл Чойжамцыг хамбаар ажиллах энэ 30 жилд бурханы шашны эзлэх хувь дөнгөж 34 хувь хүртлээ хумигдсан гэсэн үзүүлэлт бий. Энэ үнэн бол Монголын бурханы шашин бусдад түрэгдсэн байна. Энэ ноцтой асуудал. Дээр нь лам нарын ёс зүй алдагдсан. Архи дарс их хэмжээгээр хэрэглэж, зодоон цохион үүсгэх боллоо. Ирээдүй хойч үеэ бэлдэх шашны бага сургуулийн хүүхдүүдийн эрх маш их зөрчигдөж байна. Гандантэгчинлэн хийдийн номын сангийн лам нь үнэтэй ховор номыг арилжих, нягтлан бодогч нь их хэмжээний мөнгийг хулгайлсан хэрэг дэс дараалан гарч байгаа нь Гандантэгчинлэн хийдийн засаг захиргаа завхарсны тод илрэл гэж харж байна. Дэлгэвэл бусармаг зүйл их ч, үүгээр хязгаарлая. Энэ бүхэнд лам хүний хувьд сэтгэл зовниж байна.
-Бурханы шашныг хумьсан, өөрийгөө Хамба Номун хаанаар өргөмжлөөд байгаа тэр хүн хариуцлага хүлээх болов уу, яах бол?
-Бурханы шашин шинэ шатанд гарах цаг болсон. Бурханы шашны бодлого алдагдсан. Энэ янзаараа удаан үргэлжилбэл юунд хүрэхийг тооцох ёстой. Нийгмийг түрж, эзлээд байгаа бусад шашинтай яаж өрсөлдөх юм бэ гэдгийг тунгаах цаг болсон. Төрийн бодлогод ч тусгаж таарах байх.
Хандивлагч, өргөл өгөгч бол бурханы шашинд дутаагүй. Үүнийгээ ил тод болгож байж тооцоолно. Чойжилсүрэн Сангийн сайд байхдаа хэдэн тэрбумыг зарцуулж, гуравхан сарын дотор Жүд дацанг барьж, Гандантэгчинлэн хийдэд өргөсөн. Жанрайсигийн хажуу талын дуганыг Хууль зүйн сайд, ерөнхий прокурор асан Дорлигжав бурхан болооч охиндоо зориулан санхүүжүүлж, шинээр босгоод Гандантэгчинлэн хийдэд өргөсөн. Ийм тэрбум тэрбумаар нь буян үйлдэгчид байна. Гэтэл бурханы шашин уруудсаар байх юм.
-Таны хувьд ч гэсэн Дамбадаржаа хийдийг сэргээн засварласан байх аа?
-Миний хувьд бурханы шашны хөгжил, түүх соёл уламжлалаа дэмжиж, 250 жилийн түүхтэй Монголын түүх, соёлын томоохон өв болсон Дамбадаржаа хийдийг сэргээн засварласан. Данбадаржаа хийд бол Гандантэгчинлэн хийдээс урт түүхтэй, эртний бурхан шашны үл хөдлөх дурсгал буюу соёлын өв. Монгол Улсын нэгдүгээр зэргийн хамгаалалттай соёлын өв балгас болон хаягдсан байхад нь ХААН банкнаас 240 саяын зээлийг арилжааны хүүтэй авч сэргээн засварласан. 2019 оны нэгдүгээр сард банкны зээлийнхээ хүүнээс салж, нуруу амарч байна.
Өөрөө уриалж, сүсэгтэн олны буянаар гүйцээсэн ч Дамбадаржаа хийдийг ашиглалтад оруулж хараахан чадаагүй л байна. Үүнийг би хувьдаа аваагүй. НИТХ-ын тогтоолтой хөрөнгө оруулах, Засаг даргын захирамжтай, Өмчийн харилцааны газартай гэрээ хийж байгаад энэ ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ ажлаа би Монголын соёлын өвийг сэргээхэд оруулсан өөрийн өчүүхэн хувь нэмэр гэж боддог.
-Таны үеийн лам нар чичлүүлэн чичлүүлэн бурханы шашныг Монголд “чирч “явна. Бурханч лам Пүрэвбат гэхэд л Аглагийн хийдийг бүтээн байгуулчихлаа. Нацагдорж хамба Манба дацанг байгуулж, уламжлалт анагаахын сургууль нээлээ. Дашчойлон хийдийн хамба Дамбажав, Гончигсүрэн гээд олон зүтгэлтэй хамба гар хумхин суулгүй ихийг бүтээж байна. Та бүхэнд сүсэгтэн олны өмнөөс талархая.
-Баярлалаа танд. Соёлын өвийн хууль гэж бий. Түүгээр соёлын өвийг сэргээсэн хүмүүсийг төрөөс урамшуулах заалттай. Тэгж байж, соёлын өв сэргэнэ. Соёлын өвийг сэргээх, хадгалах, хамгаалах сэтгэлгээг сэргээхийг би хувьдаа дэмждэг. Дамбадаржаа хийд бол шинээр баригдсан Батцагаан цогчин дуганатай ойролцоо талбайтай томоохон байгууламж.
250 жилийн өмнөх гэрэлт хөшөө тэнд байдаг. Сонирхуулахад, одоогоос 250 жилийн өмнө Манжийн хааны зарлигаар Санзай гэж түүхэнд үлдсэн ч, хуучин монголоор бичихэд Санзайдорж гэдэг хүн Дамбадаржаа хийдийг анх барьсан түүхтэй юм билээ. Тэгсэн чинь 250 жилийн дараа Дамбадаржаа хийдийг сэргээсэн хүний нэр нь бас Санждорж. Сонин давхцал. Би үүнд их бэлэгшээсэн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Түгээх:
TSEG.mn таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.