Ирина Шейк: Хөдөөгийн сургуулийн сурагч дэлхийн загварын тайзнаа гарсан түүх

Ирина Шейкийн нэрийг дэлхий даяар мэднэ, түүний амжилтын намтар түүхийг Үнсгэлжингийн үлгэртэй харьцуулдаг.

Гэхдээ загвар өмсөгчийн амьдралд ид шидийн гэхээр зүйл үнэндээ огт байгаагүй. Харин уйгагүй хичээл зүтгэл, хөдөлмөрч зан, өөртөө итгэх тууштай итгэл найдвар байсаан. Челябинскаас 150 км зайтай, 30 мянган оршин суугчтай Еманжелинск  гэдэг жижиг хотоос гаралтай бүсгүй эхлээд Парист, дараа нь дэлхийн загварын тайзыг яаж эзэмдэж чадсан юм бол?

“Орос эмэгтэйчүүд бид хөдөлмөрт дуртай, ажил хийж чаддаг хүмүүс” хэмээн Ирина ярих дуртай. Барууныг шүтэж, эх орноосоо хол хөндий байхыг хүсэх дуртай загварын бизнесийн бусад олон нөхдөө бодвол тэр аливаа ярилцлага өгөх бүрийдээ Орос орноос гарвалтай гэдгээ ямар нэгэн байдлаар заавал онцолдог.

Даржин гэр бүлийн даруухан охин

Ирина Шайхлисламова Челябинск мужийн Еманжелинск хэмээх жижигхэн хотод төрсөн. Ээж нь хөгжмийн багш, аав нь уурхайчин. Хойд зүгийн бөглүү хязгаар нутгийн хувьд бор царайтай охины гадаад төрх содон байсан бөгөөд сургууль дээр түүнийг байн байн гоочилж шоолдог байв. Ялангуяа зузаан уруул нь түүнийг бусдаас илүү шоглуулах нэг бай болдог байж. Гэхдээ шоглож гоочилдог байсан уруул хожим нь ямар алдар цуунд хүргэхийг тэр үед ангийн нөхөд нь мэдэж ойлгодог байсан сан бол!.

Иринаг 14 настай байхад нь аав нь зуурдаар нас барж, ээж нь давхар ажил хийх шаардлага гарчээ. Хоёрын хоёр охиныг тэжээж өсгөх амаргүй байсан биз. Татьяна (Иринагийн эгч), Ирина хоёр ч сайн сурахыг хичээж, гэр орны ажилд ээждээ чадахын хэрээр тус нэмэр болж байв. Ирээдүйн загварын од маань тэр үед ганган чамин эд хэрэглэлийн талаар онцолж мөрөөдөж байгаагүй гэдэг.

 Заяа тавилан хэнийг сонгохоо мэднэ

Сургуулиа дүүргээд Ирина Челябинскийн их сургуулийн маркетингийн ангид элсэв. Удалгүй орон нутгийн имиж-клубын төлөөлөл бүсгүйг анзаарч загварын “Светлана” агентлагт ажиллахыг санал болгожээ. Чухамхүү энэ л Шейкийн амьдралд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байна.

Удалгүй түүнийг “Супермодель-2004” тэмцээнд явуулж оролцуулсан бөгөөд үзэсгэлэн гоо бор бүсгүйг тэнд Гия Жикизе анзаарч нүдэлжээ. Наталья Водянова, Евгения Володина, Полина Куклина, Елена Мельник, Ольга Шерер болон амжилтад хүрсэн бусад загвар өмсөгчдийг загварын эрэл хайгуулч (скаут) энэ залуу л чухамдаа дэлхий ертөнцөд таниулсан билээ. Тэмцээний дараа өөрт нь хандаж Гиягийн тавьсан саналаас Ирина татгалзах арга байгаагүй.

 Шинэ амьдрал үлгэрт гардгаас тэс өөр

Парист шилжиж ирснийхээ дараа Ирина дуудахад төвөгтэй овгоо товчилж зүгээр л Шейк болгов. Шинэ хүмүүсийг эрэн сурвалжлах чиглэлээр дагнаж ажилладаг францын нэгэн агентлагтай түүний хамтын ажиллагаа эхлэв. Иринагийн цалин долоо хоногт ердөө 50 евро байв. Энэ нь бүсгүйн орон байрны зардалд л арай ядан хүрэлцэх бөгөөд хоол ундны талаар заримдаа санахын ч аргагүй байв. Гэхдээ махруу зүтгүүр зантай Ирина бууж өгсөнгүй. Сонгон шалгаруулах уралдаан тэмцээнүүдэд оролцож, хэл сурч байсан бөгөөд бүх зүйл болж бүтнэ гэдэгт итгэсээр явсан.

Түүний уйгагүй хичээл зүтгэл өөрт нь тун удалгүй анхны үр шимээ хүртээж, Шейк тавцнаа гарав. Эхний ялалтын дараа хоёр дахь нь залгаж, улмаар мянга мянган том жижиг амжилт үргэлжлэв. Шил толь мэт гялалзсан хэвлэлүүд оросын гоо бүсгүйтэй хамтарч ажиллахын тулд дугаарладаг болцгоов. Шейк харин өөрийнхөө хамгийн гол амжилтыг Sports Illustrated сэтгүүлийн хавтасны зураг гэж үздэг. Тэрээр энэ сэтгүүлд гарсан анхны орос эмэгтэй болсон. Тэхдээ зүгээр нэг ердийн дугаарын хавтасны зураг төдий биш, жил бүр дэлхийн шилдэг тамирчид, загвар өмсөгчидтэй гардаг тусгай дугаарт гарсан зураг ажээ.

 Хөлбөмбөгчинтэй холбогдсон хайр сэтгэл

Хачирхалтай нь, энэ үеэр Иринагийн талаар Орост хэн ч юу ч мэддэггүй байв. Түүний хүрсэн бүхий л ололт амжилт хаа нэгтээ холын хол үлддэг байж. Харин бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэгч, хөлбөмбөгийн од Криштиану Роналду загвар өмсөгч бүсгүйг анзаарч сонирхсноос хойш Шейкийн нэр хэвлэлээр ч, эх оронд нь ч байн байн гарах болсон.

Хүүхнүүдийн сэтгэл зүрхийг булаагч маань Иринагийн статусыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, түүнд ухаангүй дурласнаа мэдэгдсэн. Гэрлэх саналыг хосуудын дэмжигчид бүтэн таван жил хүлээсэн. Хязгааргүй хайр сэтгэл, заримдаа чин үнэнч гэдгээ харуулж байсан хэдий ч нэрт хөлбөмбөгчин Иринатай гэрлээгүй. Энэ үед харин түүнийг хуурч мэхэлдэг тухай цуу яриа улам бүр газар авсаар байлаа.

 Шинэ хайр сэтгэл, охинтой болов

Хувийн амьдралынхаа талаар нэг хэсэг таг дуугүй байсан Ирина тамирчинтай тогтоосон холбоо харилцаандаа тодоос тод цэг тавьж, дэмжигчдийнхээ шүтээн нь болсон кино найруулагч Брэдли Купертэй олны өмнө ил гарлаа.

Тэдний алхам багагүй шуугиан дэгдээв. Холливудын “Казанова” эцсийн эцэст бөглүү хойд нутгийн орос бүсгүйд сэтгэл алдарна хэмээн жүжигчний хөгжөөн дэмжигчид итгэж чадахгүй байлаа. Гэвч Купер, Шейк нархарилцаа улам тодорхой болж,  хос 2017 онд охинтой болов.  Лея охины аз жаргалтай, үзэсгэлэн төгс эцэг эх нь дэлхийн хамгийн их  анхаарал татсан гэр бүл байлаа. Тэднийг үлгэр дуурайл болгож, шагшиж магтахын зэрэгцээ атаархдаг хүмүүс ч олон болсон нь мэдээж.

Хайрлаж дурласан нөхөртөө борщ чанаж, давсалсан өргөст хэмхээр дайлж, нөхөр нь харин орос, зөвлөлтийн хүүхэлдэйн киноны хүүхдийн дууг охиндоо хөгжилтэйхөн аялж, Лея охин хоёр өөр соёлоор өсч хөгжиж байгаа хэмээн Орост наргиан болгож байв. Энэ аз жаргал өнө удаан үргэлжлэх юм шиг санагдаж байв. Зарим нь Купер, Ирина хоёрыг нууцаар гэрлэсэн хэмээн нотолж, бүсгүйн гартаа зүүсэн бөгжийг гарцаагүй баримт болгодог байв.

Купер ч удалгүй найруулагчийнхаа ажлыг эрхэлж, гол дүрд нь Леди Гага тоглохоор уригдсан “Од төрлөө” хэмээх шинэ киноны зураг авах ажилд дарагдав.

 Төгсгөл жаргалтай болж чадсангүй

Ихэмсэг бардам дуучин бүсгүй /Леди Гага/ ихэнх цагийг Купертэй хамт өнгөрөөж, харин Ирина дэлхий тойрон нисч, хажуугаар нь ээжийн журамт үүргээ биелүүлсээр. Нэг мэдэхэд хэвлэлээр Брэдли Гага нарын хайр сэтгэлийн тухай шуугиж эхэллээ.

Ирина Шейк ээжтэйгээ

Цуу яриаг няцааж Гага өөрийнхөө агенттай сүй тавьснаа зарлав. Гэвч тэд удалгүй хоёр тийшээ болжээ. Харин зураг авалтын талбай дээр түншүүдийн хооронд оч үсэрсэн харилцаа үнэхээр байсныг, тэгэхдээ хий хоосон наргиан биш байсныг Оскарын шагнал гардуулах ёслол харуулжээ. Гэхдээ Иринагийн тэвчээрийг үнэлэх хэрэгтэй. Охиных нь эцэг түүний нүдэн дээр өөр хүнд хайр сэтгэлээ ил задгай илэрхийлж байгааг хараад тэр хөмсөг ч зангидалгүйгээр тэвчээр гаргав. Шаардлагатай хэсэг хугацаа өнгөрч, аяндаа дуулиан шуугиан намжмагч өөрөө орхиж явсан.

 Өөрийхнийхөө төлөө тууштай зогсоно!

Шейкийг Куперээс салж явсны дараа Леди Гагаг жүжигчний гэрт нэг мөр нүүж очин засвар хийж эхэлсэн тухай мэдээ шил даран гарч эхлэв. Энэ үед л харин орос зангийн тэвчээр барагдсан бололтой. Америк дуучинд хаягласан сая сая хилэгнэл нийгмийн сүлжээгээр нэг тархав. Залхуу нэгэн л Леди Гагагийн бичил блогт юу ч бичээгүй байх.

Бүгд л Иринаг хамгаалж, харин дуучныг гэр бүл үймүүлсэн “хулгайч” хэмээн нэрлэв. Нэр цуутнууд ч мөн хол хөндий байсангүй. Оросын олон одод өөрсдийн сэтгэгдлээ үлдээсэн. Яваандаа ард олны уур хилэн хошигнол болон хувирч, улмаар поп дива руу цэлцэгнүүр, борщ, банш бэлтгэх жорыг илгээх болов. Гэрийн ажилд гаргуун орос эхнэрт дассан “Брэдлик” одоо Гагагийн паста, бургер иднэ гэж юу байх вэ, ингэж болохгүй гэсэн санаа. Ирина харин дуугаа хураасан чигээрээ л байсан.

Үндэс язгуураа марталгүй үнэнч байж, хоёрдугаар сарын 23, Шинэ жил, Зул сарын баяр, Улаан өндөгний баяр зэргээр явуулдаг мэндчилгээнүүд бол загвар өмсөгчөөс дэмжигч нартаа өргөн барих хамгийн шилдэг шагнал юм. Бас давсалсан шилэн савтай ногоо, “Му- му” чихэртэй хамт түүний нийтлэлүүд үүнд хамаарна. Энэ бүхэн Оросын дэмжигчид түүнийг харж байхдаа хичнээн тааламжтай байдгийг үгээр илэрхийлснээс илүү тод харуулах ажээ.

Загварын бизнесийн хажуугаар Шейк буяны үйл ажиллагаа явуулж, төрөлх Еманжелинскийн хүүхэд асрах газруудад тусламж үзүүлж, ээж, эгч, эмээтэйгээ уулзахаар тийшээ байн байн нисч очдогийг мэдэх хүн тийм ч олон биш биз ээ.

“Ололт амжилтаа бусадтай хуваалцах хэрэгтэй”  хэмээн Ирина үздэг. Харин эх орон нэгтнүүд, дэмжигчид нь түүний ололт амжилтыг сэтгэл ханамжтайгаар ширтэн харж, загвар өмсөгч маань өөрийнхөө хан хүүтэй заавал учирна гэдэгт итгэсээр байна.

http://polit.mn/

Түгээх:
TSEG.mn таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.