Ё.Баатарбилэг сайдыг аргадсан хэвлэлийн хурал

БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэг УДБЭТ, УДЭТ, Үндэсний номын сангийн барилгыг шинэчлэхээр 2020 оны төсөвт тусгасан 12 тэрбум төгрөгийг зогсоохоо Сангийн яам болон Засгийн газарт хандахаа энэ сарын 8-нд мэдэгдсэн. Тэрбээр соёлын салбарт 1990 оноос хойш хийгдээгүй хөрөнгө оруулалт улстөржилтөөс болж зогсч буйг мэдэгдсэн юм. Мөн тэрбээр улстөрчид болон эсэргүүцэгчдийн эсрэг уран бүтээлчид өөрсдөө дуугарахгүй байна хэмээн “гомдоллосон”.  Түүний гомдлыг тайлах хурлыг өнөөдөр (2019.10.10) УДБЭТ, УДЭТ, Үндэсний номын сангийн удирдлага, уран бүтээлчид хийлээ. Уран бүтээлчид БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэгийг хөрөнгө оруулалтыг зогсоох тухай шийдвэрээ эргэж харахыг “гуйлаа”.

УДЭТ-ийн захирал Д.Цэрэнсамбуу:

 

Бид маш их харамсаж байна. Бид ядарч, зовж байна гэсэн гомдол саналаа төр засагт хэлж байгаагүй. Орчин цагийн соёл урлагийн байгууллага үүсч хөгжөөд 100 хүрэхгүй жил болж байна. Аливаа улс үндэстэн тусгаар байхын тулд үндэсний номын сан, үндэсний театр, музейтэй байх ёстой.

 

Тухайлбал, 1931 онд улсын төв театрыг байгуулсан байдаг. Энэ үйл явцыг түүхчид нүүдэлчин ардын оюуны ертөнцөд хийсэн оюуны хувьсгал болсон гэж үнэлдэг.  Театр 90 шахам жил ажиллахдаа төр, түмэн олныхоо хайранд хөгжиж дэвжиж ирсэн, сайн сайхан зүйл олон байгаа. Үүний зэрэгцээ дэлхийгээс, нийгмээс хоцрогдсон олон зүйл байна.

 

Сүүлийн 30 жилийн хугацаанд Монголын соёл урлагт төрөөс явуулж байгаа бодлого шаардлагын түвшинд хүрэхгүй байна. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар олон асуудлыг анхаарч, тодорхой шийдвэрүүдийг гаргасан нь бидэнд төр засагтаа гэдгийг мэдрүүлсэн.  Өнгөрсөн онд бидний цалин 8-35 хувиар нэмэгдсэн. Олсон орлогыг нь тухайн хамт олон захиран зарцуулах эрх олгосон.

 

Дэлхийн хэмжээнд теарт урлаг тодорхой орчин шаарддаг. Энэ утгаараа мэргэжлийн урлагийн барилгын асуудлууд хүнд байна. Энд төр засаг анхаарч, ивээл хайраа өгч эхэлж байтал буруу зөвөөр мушгиж байгаад бид маш их харамсаж байна.

 

Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо:

 

Бидний хүлээж байсан соёлын шинэчлэлийн шийдвэр зогсч байгаа нь маш харамсалтай. Гурван байгууллага маань модон карказ бүхий тоосгон барилгад үйл ажиллагаа явуулдаг. Ашиглалтын 70-аад жилийн хугацаанд их засвар хийгдээгүй. Гамшиг эрдслийн үнэлгээгээр ашиглалтын шаардлага хангахгүй, ослын байдалтай гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллагууд гаргасан. Бид өөрсдийн хүслээр дуртай ажлаа энэ байдлыг тэвчээд ажилладаг. Гэвч үнэхээр болохоо байж, төр засгийн анхааралд хандуулсан.  Гэтэл хөрөнгө оруулалт зогсч байгаа нь энд ажиллаж байгаа хүмүүс төдийгүй Монголын соёл урлагийн салбарт хүчтэй цохилт болсон үйл явдал боллоо. Биднийг төр анхаарлаа гэж баярлаж байсан. Гадна байгаа хүмүүс бидний зовлонг мэдэхгүй.

 

УДЭТ 1960 оноос, УДБЭТ 1950 оноос,  Үндэсний номын сан 1951 оноос өнөөгийн байрандаа тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй юм.

 

Б.Энэрэл
Shuud.mn

Түгээх:
TSEG.mn таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.