Ганцхан сурагч, ганц багштай Сибирийн сургуулийн амьдрал

Есдүгээр сарын 1-нд Сибирийн Себеляково тосгоны бага сургуульд ганцхан хүүхэд ирсэн. Есөн настай Равиль Ижмухаметов бол энэ сургуулийн цорын ганц сурагч. Ирэх жил Равиль хөрш тосгоны дунд сургуульд дэвшин суралцахад энэ сургууль хаагдах болно. Ганц сурагчдаа ганц багш хичээл заадаг. 61 настай Уминур Кучукова хэдэн жилийн өмнө тэтгэвэртээ гарах байсан ч ганц сурагчаа төгсгөх гээд хичээл заасаар байгаа аж.

Хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслол Аугаа их Эх орны дайны баатруудад зориулсан хөшөөний дэргэд ёслол төгөлдөр явагдсан.

Нээлтийн ёслолын дараа Равиль эгчтэйгээ хамт сургуулийн музейг үзэж сонирхжээ.

Себеляково тосгон хэзээ үүсэн байгуулагдсан талаар хэн ч мэдэхгүй. 400 жилийн өмнө Себеляк хэмээх татар эр анх энд нүүж суурьшсан нь тосгоны эхлэл гэж ярьдаг. 1970-аад оны үед тосгон 140 байшинтай, 550 оршин суугчтай байлаа. Сургууль нь дөрвөн ангитай, анги болгон 20 сурагчтай байв. Гэвч Сангийн аж ахуй татан буугдсанаар хүмүүс тосгоныг орхин одсон юм.

Равиль сургуульд орсноосоо хойш үргэлж ганцаараа сурсан. Нэг ангийнхан, сургуулийн ах, дүү түүнд байхгүй. Хичээл болгон дээр тэр самбарын өмнө гарч асуугддаг.

Ирэх жил хүүхдүүдтэй хамт суралцана гэж бодохоор итгэхгүй үе байдаг гэнэ.

Хөрш тосгоны сургууль руу тэр өдөр бүр Иртыш мөрнийг завиар гатлан очих юм. Завиар 30 минут яваад дараа нь автобусаар 20 минут явж байж, сургуульдаа хүрнэ.

Равилийн аав, ээж мал аж ахуй, ногооны талбайтай тул тосгоноо орхихыг хүсэхгүй байгаа. Гэхдээ хүүгээ тосгонд биш том хотод амьдраасай гэж хүсдэг.

Равиль тосгондоо хайртай ч орхин одохоос өөр сонголт үгүй.

Одоо тосгонд хэдэн арван хүн л амьдардаг. Сургууль, эмнэлэг байхгүй. Машин зам хэзээ ч байгаагүй, энд завиар л ирэх боломжтой.

Хаягдал байшин, ногооны талбай.

Энэ сургуульд 42 жил багшилсан Уминур Кучукова багш “Хотод хүмүүс хүүхдээ сургууль, цэцэрлэгт өгөх гээд чадахгүй байхад манай тосгонд сургууль хэнд ч хэрэггүй байна” гэж ярьж байна.

 Zindaa.mn
Түгээх:
TSEG.mn таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл бичих

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.