Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр өнөөдөр /2024.10.31/ 2024 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт үнэмлэхийг нь гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.
Нийслэлийн ИТХ-ын харьяанд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл ажилладаг билээ. Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хүүхэд залуучууд, ирээдүй рүү чиглэсэн бодлого барьж ажиллахыг санууллаа. Охид хөвгүүдийн зөвлөл, Сурагчдын зөвлөл, Улаан загалмай зэрэг байгууллагуудаар дамжуулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулах боломжтой. Дарга болох хүсэл мөрөөдөл биш мэргэжил бүхэн сайхан гэх бодлыг хүүхэд залуучуудад сурталчлах, хүсэл мөрөөдөл хоббигоор дамжуулан зангидах, соёл, спорт суурьтай арга хэмжээг дэмжих зэрэг нөлөөллийн ажлуудыг санаачилж дүүрэг дүүрэгтээ хийхийг уриалав. Нэг хүүхдээр дамжуулж нэлээд хүүхдийг өөрчилж, зөв чиглүүлж чадвал ирээдүйд 5,10 жилийн дараа бидний ажлын үр дүн гарна хэмээлээ.
Мөн Дүүргүүдийн ИТХ-ын байгууллагын удирдлагууд хамтын ажиллагаатай байж, харилцан туршлага хуваалцаж ажиллахаар тогтлоо.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ