Нийгмийн даатгалын салбарын хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтэд шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсэг дүгнэлтээ танилцууллаа.
Ажлын хэсгийн дүгнэлтээс онцолбол:
- Шаардлагатай бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийг баталсан, хэрэгжилт 85 хувьтай хэдий ч тогтолцооны өөрчлөлтийн гол зорилтууд хэрэгжээгүйг анхаарах;
- Албан бус салбарт ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн даатгалын хамралт хангалттай бус байна;
- Одоогийн тэтгэврийн тогтолцоо дангаараа тэтгэвэр авагчийн үндсэн хамгаалалт болж чадахгүй. Иймд тогтолцооны ачааллыг задлах шаардлагатай;
- Насжилт хурдтай нэмэгдэх хандлагатай байгаа нь Тэтгэврийн даатгалын санд ачаалал, дарамт үзүүлэхээр байна;
- Нөхөн даатгалын хуулиуд, шимтгэлийн хувь хэмжээг бууруулсан болон бусад хуулийн нөлөөгөөр тэтгэврийн даатгалын сангийн зарлагын ачаалал 4.5 их наяд төгрөгт хүрсэн. Нөхөн даатгал хийх нь сангийн зарлагыг өсгөхөөс гадна шударга бус байдлыг бий болгож байна;
- Хүүхдийн тоогоор жил нэмэгдүүлж байгаа нь тогтолцоотой агуулгын хувьд нийцэхгүй байна. Мөн цэргийн алба хаагчийг шимтгэлтэй хөтөлбөрт хамруулах эсэхийг одоо болтол шийдээгүй;
- Тэтгэврийн хэмжээ нь төлж байгаа шимтгэлтэй уялдаагүй байна. Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлснээр бодит тэтгэвэр болон олгож байгаа тэтгэврийн хэмжээний зөрүү ихсэж, далд алдагдлыг нэмэгдүүлж байна гэж дүгнэжээ.