Нүүрсний сонсголын хоёр дахь сонсголоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын удирдлагууд 2020-2022 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд 457.3 га газар эзэмших эрх олгосон талаар шинжээч мэдээлсэн. Тус асуудал нь Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байгаа тул Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлж шалгуулахаар хянан шалгах түр хорооноос мэдэгдсэн. Тэгвэл түр хорооноос ирүүлсэн албан бичгийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. Тодруулбал Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль зөрчин Монгол Улсын газар нутгийг БНХАУ-ын компаниудад хууль бусаар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.. Түүнчлэн нийслэлийн прокурорын газраас хяналт тавихаар болсон байна.