Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж, эхний шат өндөрлөнө. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 12 асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ хүрээнд 83 гэрч дуудсан байна
Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо “Нүүрсний” гэх тодотголтой энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа юм. Эхний үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 04-08-ны өдрүүдэд үргэлжилж ийнхүү өндөрлөх бол хоёр дахь үе шат энэ сарын 18-22-ны өдрүүдэд болно.