Иргэний агаарын тээврийн МИАТ компани шууд нислэг үйлддэг Frankfurt, Istanbul, Beijing, Hong-Kong, Seoul, Busan, Tokyo зэрэг чиглэлүүдэд нислэгийн тийзийнхээ үнийг хямдруулсан талаар МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир мэдээлэл хийлээ. Тэрбээр, "МИАТ компани 2022 оны есдүгээр сараас эхлэн Роснефть компаниас хямдралтай шатахуун авч эхэлсэн. Олон нийтийн дунд МИАТ компанийн нислэгийн тийз үнэтэй байна гэх шүүмжлэл их байдаг. Тиймээс бид үндсэн долоон чиглэлийнхээ нислэгийн үнийг 10-15 хувь хямдруулж байна. Энэ үнэ 2011 оноос хойш огт хөдлөөгүй үнэ" гэлээ.