ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ гэх мэдээллийг өнгөрсөн долдугаар сард прокуророос няцааж байсан. Тэгвэл өчигдөр Нийслэлийн прокурорын газраас анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар мэдээллээ.
Т.Бадамжунай нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, хууль бусаар газар эзэмшсэн, бусдад хахууль өгөхийг завдсан, нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа юм.
Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.
Ямартаа ч түүний хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дэнслэх нь.
Ташрамд дурдахад сайд асан Т.Бадамжунайг Шувуу ажиллагааны хүрээнд энэ оны дөрөвдүгээр сарын 5-нд Филиппин улсаас авчирч, тухайн сарын 7-ноос эхлэн цагдан хорьж байв. Улмаар түүнд хилээр гарахыг хориглох, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм.