С.Эрдэнэ: Өнгөрсөн сонгуульд АН-ыг ялагдуулсан хүн бол Х.Баттулга

Н.ЦАЦРАЛ
Өчигдөр

УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр АН-ын даргаар сонгогдсон өдрөө "Хэн ч тойргийн гадна үлдэх ёсгүй" хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл нэгэн цагт АН-ыг толгойлж явсан С.Эрдэнэ тойргийн гадна үлдлээ. 

Маргаан дагуулсан АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал өчигдөр болсон. Энэхүү хурлаар АН-ынхан нэг тэргүүн дэд, 15 дэд даргаа сонгосон.  АН-ын тэргүүн дэд даргаар Сангийн сайд асан С.Баярцогт ажиллахаар болсон бол дэд даргаар УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, Ш.Түвдэндорж, Мэдээлэл шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга асан Ц.Жадамбаа, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ц.Уртнасан, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ч.Өнөрбаяр, И.Мөнхжаргал, Сонгинохайрхан дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга асан Д.Галиндэв, АН-ын Ажлын албаны дарга Э.Одбаяр, өмгөөлөгч О.Алтангэрэлээс гадна Ж.Баярмаа, Р.Эрдэнэбүрэн, Т.Пүрэвхатан, Ш.Жандос, С.Буяндэлгэр, П.Батчимэг нар сонгогдсон юм. 

Хэл ам, зодоон цохионтой үргэжилсэн өчигдрийн хуралдааны талаарх байр суурийг АН-ын дарга асан С.Эрдэнээс тодрууллаа. 

-Хэвлэлд нээлттэй гэчхээд яагаад хаалттай хурал гэдгийг тодруулмаар байна. 

-Нээлттэй хаалттай асуудлыг хурал зохион байгуулж байгаа хүмүүс л мэднэ дээ. 

-Маргаантай асуудал эцэслэгдсэн гэж ойлгож болох уу?

-Намын даргын асуудлыг аль аль тал нь хүлээн зөвшөөрөөд бэлгэдлийн зарчмыг тэргүүнд тавиад явж байгаа. Өнөөдрийн хувьд харахад 100% биш юм аа гэхэд 80- 90% нь асуудлаа шийдээд ойлголцсон гэж бодож байна. Намын гол үндсэн зорилго бол улс төрийн сонгууль байдаг. Сонгуулийн бэлтгэл ажлын хугацаа туйлын бага байна. Тийм учраас бэлтгэл ажил руугаа орох асуудал хамгийн чухал.

-Та Л.Гантөмөр даргыг яг дарга гэж хүлээн зөвшөөрсөн үү? Сошиалаар зөвшөөрөхгүй байна. Тамгаа өгөхгүй байна гэсэн асуудлууд маш ихээр яригдсан. 

-Хүлээн зөвшөөрсөн болоод л би тамгаа өгсөн. Тухайн үед өөрийнхөө байр суурийг илэрхийлж байсан. Намын эрх ашиг гэж байна. Нийгмийн хүлээлт гэж байна. Аль аль талдаа АН-ыг эвтэй байгаасай гэж хүсдэг. Мөн АН-ыг харах нийгмийн хүлээлт маш их байна. 

-БГД бол танаар овоглодог. ИТХ нь хоорондоо түнжин муудаад зодолдсон асуудал гарсан. Одоог хүртэл Засаг дарга нь томилогдоогүй байгаа. Одоо БГД-т Ж.Ганбаатарынх болсон гэх байр сууриа илэрхийлэхгүй юу? 

-БГД-ийн дүүргийн иргэдийн төлөөлөгчид санал гаргаад Засаг даргаа 2 удаа огцруулсан. Эхний саналыг хүлээж аваагүй. Хоёр дахь удаагийн саналыг хүлээж аваад дүүргийн Засаг даргыг огцруулсан байгаа. Үүрэг гүйцэтгэгч томилсон юм шиг байна лээ. Тэр хүнийх нь талаар сонсож ч байгаагүй. БГД-т шийдэх асуудал маш их байгаа. Ер нь 2020 оноос хойш БГД дээр дорвитой хөрөнгө оруулалт,  бүтээн байгуулалтын ажил хийгдсэн гэж надад харагдахгүй байгаа. Би сөрөг хүчний хувьд шүүмжилж байгаа юм биш. Бодит зүйлийг хараад, дүүргээ мэддэг хүний хувьд хэлж байна. Бодитой хийгдсэн ажил байхгүй гэж харж байна.

-Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд та түнжин муутай хэвээрээ байгаа юу ? Тэр хүнийг АН-ын 2 хуваагаад байгаа гэж үзэж байна. Гэвч зарим гишүүдийн хувьд хүнээ дэвшүүлэхэд асуудал байхгүй гэдэг яриа байна. 

 -Би шүүмжлэлтэй ханддаг. Тэр байр суурь хэвээрээ байгаа. МоАХ гэдэг чинь өөрөө ТББ, нам биш шүү дээ.  Би өөрөө МоАХ-ны дарга байсан. Ардчиллын салхийг хагалж гарч ирсэн үндэсний хэмжээний том хөдөлгөөн. Тиймээс энэ хөдөлгөөнийг нам гэж андуурч болохгүй. МоАХ-ны мянга мянган гишүүд дотор чинь бүх намын төлөөлөл байгаа. Тэгэхээр энийг аль нэг намын харьяа гэж харж ойлгож болохгүй.

-Б.Пүрэвдорж гишүүний байр суурийг сонссон байх. Гишүүд манай намын гишүүн л бол хэнийг ч дэвшүүлэхэд зүгээр гэдэг байр суурьтай байна. 

-Тэр хүний өөрийнх нь л асуудал. Манай нэг хэсэг биш. Тэр дотор манай намын гишүүд байгаа гэдгийг бол үгүйсгэхгүй. Бүтэц зохион байгуулалтын хувьд бие даасан байгууллага шүү дээ. Би дээр хэлсэнчлэн үндэсний хэмжээний маш том улс төрийн хөдөлгөөн. Энийг аль нэг намд хамаатуулж ойлгож болохгүй.

-Та ямар нэгэн албан тушаалд очих уу? 

-Одоогоор ямар нэгэн албан тушаалд очих бодол алга.  Би бол намынхаа үйл хэргийн төлөө эцсээ хүртэл явна. Надад ямар боломж байдаг тэр боломж бололцоогоо дайчлаад ажиллана.  Аль нэг намын дарга болсноор асуудал шийдэгдэхгүй. Гол нь намынхаа төлөө гэсэн зүрх сэтгэл, үнэний төлөөх гэсэн зориг байх юм бол цаашаа явна.

-Таныг намаа ялагдуулсны дараа АН-ын томоохон үйл ажиллагаанд оролцоод явж байгаад зарим нэгэн хүмүүс бухимдалтай байх шиг байна. Өчигдөр л гэхэд таныг тайзан дээр гарахад  "Намаа ялагдууллаа, тайзнаас буу" гэх мэтээр шүүмжилсэн. Энэ асуудал дээр өөрийн байр сууриа илэрхийлнэ үү? 

-Нам яагаад ялагдсан гэх шалтгаанаа олох хэрэгтэй. Би намын даргаар ажиллаж байх хугацаандаа зарим нэгэн хүн шиг бүхэл бүтэн 2 нам дамнасан бүлэглэл хийж ажиллаагүй. Ерөнхийлөгч асан этгээд хуйвалдаан зохион байгуулж, энэ намыг ялагдуулах хэмжээнд хагалж буталгаагүй байсан бол одоо ялаад явж байх байсан. Хорооны сонгуулийг би шударга бус болсон гэж боддог. Луйврын сонгууль болсон. Нийгэм тэр чигээрээ гайхан хоцорсон. АН-ыг ялна гэж хүлээж байсан. Гэтэл МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. 

-Зарим улстөрч нар хамтарсан засагт итгээд ийм асуудал үүсээд байгаа гэж үзэж байна. Улс төрийн бодлогоос харахад хамтарсан засаг байгуулагдах гэж байна гэсэн хардлага гараад байна. 

-Би хамтарсан улс төрийн асуудал дээр таатай хандахгүй байгаа. Яагаад гэвэл бид урьд нь байгуулж үзсэн. Сонгууль дөхүүлж байгаад аль нэг нь гараад явчихдаг. Гудамжинд байх хугацаагаа богиносогдог. Эрх мэдэлтэй зууралдаж байгаад сонгууль руу дайрдаг. Ийм зорилгогүй, улс орны төлөөх гэсэн сэтгэлгүй хамтарсан засаг байгуулаад хэрэггүй.

-Өчигдрийн хуралдааныг хараад танай нам эвлэлдэн нэгдсэн байна гэсэн өнцгийг олж харсан уу? 

- Дүгнэлт хийхэд эрт байна. Аливаа зүйл нэг удаагийн юмаар тодорхойлогдохгүй. Сонгуулийн бэлтгэл ажил яаж хангагдах вэ гэдэг л чухал байна. 

-Одоогийн энэ зураглалыг харахад дотоодын фракцууд нь хангалттай эвлэлдэж чадаагүй харагдаж байна. Тэгэхээр ирэх жилийн сонгуулиар таны хувьд, танай нам хангалттай хэмжээнд оролцох боломж хэр байгаа вэ? 

-Би бол бүрэн дүүрэн байгаа гэж харж байна. Ер нь бол манай нам чинь их нээлттэй нам. Гол эрх барьж байгаа намаас ялгаатай байдал нь нээлттэй байдал. Хувь хүний үзэл санаа, хэсэг бүлэг хүмүүсийн байр суурийг хүндэтгэдэг гэдэг утгаараа АН бусад намаас ялгаатай.

-Өнгөрсөн хугацаанд хангалттай сайн сөрөг хүчин байж чадсан гэж бодож байна уу? 

-Бодит үнэнийг хэлэхэд би чадаагүй л гэж хэлнэ. Сонгогчдоосоо уучлалт гуйх хэрэгтэй. Үнэхээр ний нуугүй хэлэхэд өнгөрсөн хугацаанд гишүүд маань туйлын хангалтгүй байлаа. Хоёрдугаарт, Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүн маш буруу бодлого явуулсан. Их хурлын гишүүдэд  хүчтэйгээр нөлөөлсөн. Энэнээс болж үндсэндээ хангалттай сөрөг хүчин байх боломж байхгүй болсон.

Мөн экс Ерөнхийлөгчийн хувьд асуудал дээр хандаж байгаа хандлага нь АН-д байж болохгүй хандлага байсан. Одоо өнгөрсөн хойно нь асуудлыг дэвэргэж яриад яах вэ. Энэ асуудлыг угаасаа нийгмээрээ мэдэж байгаа.

-Сонгууль болоход нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Танай намын хувьд өнгөрсөн хугацаанд  юун дээр алдсан байна. Одоо тэр алдаагаа засаж амжих уу? 

-Нэн тэргүүнд стратеги зорилтоо зөв тодорхойлох нь чухал. Нэр дэвшигчдээ зөв сонгох хэрэгтэй. Сонгогчдын хүлээж байгаа хүлээлтэд нийцсэн хэмжээнд бодлого, үйл ажиллагааг явуулах ёстой. Тэрнээс биш эвлэлдлээ, тэврэлдлээ гээд бүх зүйл тодорхой болчихгүй. Зорилтоо зөв тодорхойлох нь л хамгийн чухал. Тэгж байж л сонгогчдын итгэлийг авна. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
21 НАСТАЙ НАЙЗ ОХИНОО ДАЙРЧ, АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООСОН ЭТГЭЭДИЙГ ЦАГДАН … 8 цагийн өмнө
ЗУРГААДУГААР САРЫН 1-НД 8:00-20:00ЦАГИЙН ХООРОНД ХААХ ЗАМУУД 10 цагийн өмнө
МАЛАЙЗАД АМИА АЛДСАН Ш.АЛТАНТУЯАГИЙН ААВ С.ШААРИЙБУУ ИЗНН-ААС УИХ-Д НЭ… 10 цагийн өмнө
О.МАШБАТЫГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧООР ТОМИЛЛОО 12 цагийн өмнө
Х.ГАНХУЯГ: ШИНЭЭР ЗӨВШӨӨРӨЛ БИЙ БОЛГОЖ ХУУЛИАС ГАДУУР ШААРДЛАГА ТАВЬЖ … 2024/04/16
ЦАГААТГАЛЫН ХУУЛЬ "АМЬД" БОЛЛОО 2024/04/11
С.ОДОНТУЯА: “ХӨЛДҮҮ” ТОГТОЛЦОО ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА УУ? Өчигдөр
СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА Өчигдөр
ЗҮҮН ДӨРВӨН ЗАМААС НАРАНТУУЛ ЗАХ ХҮРТЭЛ ЗАМЫГ ШИНЭЧИЛНЭ Өчигдөр
Л.ЧИНБАТЫН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ, ДАХИН ПРОКУРО… Өчигдөр
ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГТ ЗОГСОЖ БАЙСАН АВТОМАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС ЖО… Өчигдөр
СУРАГГҮЙ АЛГА БОЛООД БАЙСАН 82 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ГЭРТЭЭ ЭСЭН МЭНД ИРЖЭЭ Өчигдөр
ЭРТНИЙ ХЯТАДЫН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ЗАХИРЧ БАЙСАН ХААН СЯНЬБИ ГАРАЛТАЙ БАЙ… Өчигдөр
САЙД Л.ЭНХ-АМАГЛАН ЭСТОНИ УЛСЫН БОЛОВСРОЛ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЙДТАЙ … Өчигдөр
МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ХЯТАДУУДАД ЭЗЭМШҮҮЛСЭН ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА, … Өчигдөр
ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭД… Өчигдөр
12 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН Г.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА Өчигдөр
Л.ЭНХ-АМГАЛАН: УРАН ЗОХИОЛ, ДУУ ХӨГЖИМ, ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ СУРГАЛТЫ… 2024/03/28
ӨМХИЙ МАХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЯТАД ИРГЭНИЙГ ₮25 САЯ, "ЭМ ДИ СИ ПИ" КО… 2024/03/28