ШИЛ АЖИЛЛАГАА ээлжит сангуудынхаа мэдээлийг нээлттэй, ил тод байршууллаа.
Тодруулбал, Байгаль орчин, уур амьсгалын сан, Шинжлэх ухаан, технологийн сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Кино урлагийг дэмжих сан, Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан зэргийн мэдээлэл өнөөдрөөс нээлттэй болсон юм.
-СОЁЛЫН САЙДЫН Ч.НОМИНГИЙН ТУШААЛААР КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ САНГААС ОН ГАРСНААС ХОЙШ 11 БАЙГУУЛЛАГАД 1 ТЭРБУМ ОРЧИМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОЖЭЭ-
Гэхдээ үүнд зөвхөн 2023 оны дөрөв, тав, наймдугаар сард төсөл нь эхлэх төслүүд шалгарчээ.
Өөрөөр хэлбэл, Соёлын яамны харъяа Кино урлагийг дэмжих сангаас 1 тэрбум орчим төгрөгийн санхүүжилтийг байгууллага, хувь хүн рүү гаргасны дийлэнх нь эдгээр саруудад төсөл нь эхэлсэн байх ёстой ажлууд аж.
Санхүүжилтийн мэдээлэлтэй танилцваас, нийт санхүүжилтийн 87.75 хувь нь байгууллага руу, 12.25 хувь нь хувь хүнрүү олгогджээ.
-“АМИРА” ХҮҮХЭЛДЭЙН КИНО, “КИНО НҮҮДЭЛ СУРГАЛТ” ХАМГИЙН ӨНДӨР САНХҮҮЖИЛТИЙГ АВЧЭЭ-
Үүнээс хамгийн өндөр дүнтэй санхүүжилтийг “Ю тийм” компанийн “Амира” хүүхэлдэйн олон ангит кино, “Кино нүүдэл сургалт” нэртэй кино зохиолын сургалт зэрэгт тус тус 240 сая төгрөгийн санхүүжилт олгожээ.
Хамгийн сонирхолтой Ч.Номин сайдын тушаал гаргаж, санхүүжилт олгосон хэд хэдэн төсөл энэ сарын 1-нээс эхэлчихсэн байх ёстой. Биелэлт хэр байгаа нь ойлгомжгүй байгаа юм
Өөрөөр хэлбэл, 84 сая төгрөгийн санхүүжилт авсан “Айсити” компанийн “Цагаан хадны өнгө” баримтат кино, 120 сая төгрөгийн санхүүжилт авсан “Гурумедиа”-гийн “Зэ” уран сайхны кино, 40 саяын санхүүжилттэй “Нарумимэйк ап” компанийн нүүр хувиргалтын эрчимжүүлсэн сургалт, 80 саяын санхүүжилт олгосон “Цогийн наран” ХХК-ийн “Зундарь” уран сайхны кино, мөн “Амира” олон ангит хүүхэлдэйн кино зэргийг төсөл аль хэдийнэ эхэлчихсэн байх ёстой. Товчхондоо, санхүүжилт авсан дагуугаа ажлаа эхэлсэн байх учиртай юм.
Мөн наймдугаар сард төслөө хэрэгжүүлж эхлэх “Хүлэгү пикчерс”-ийн “Өмнөдийг зорих зам” уран сайхны кино 80 саяын санхүүжилт авсан зэрэг мэдээллүүд ил боллоо.