2023 оны Каннын Олон улсын кино наадмын "Un Certain Regard" төрөлд найруулагч П.Золжаргалын бүтээл "If Only I Could Hibernate" буюу "Баавгай болохсон" кино албан ёсоор шалгараад байгаа билээ. Кино багийнхан өнөөдөр Францыг зорилоо.
Энэ сарын 16-27-ы өдрийн хооронд зохион байгуулагдах уг наадмын "Un Certain Regard" төрөл нь Каннын олон улсын кино наадам дахь албан ёсны сонгон шалгаруулалтын хэсэг юм. Тус шалгаруулалт нь 1998 оноос хойш явагдаж байгаа бөгөөд энэ нь олон улсад гарах хүсэл эрмэлзэлтэй залуу найруулагч нарын ур чадварыг дэлхийд таниулах, шинэлэг зоримог бүтээлүүдийг урамшуулах зорилгоор олгож эхэлсэн шагнал юм.
Энэ жилийн хувьд "Un Certain Regard" төрөлд эхний ээлжинд 17 бүтээл шалгараад байна. Өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 17-нд нэмэлт 5 хэсэгт шалгарсан 20 бүтээлийг олон нийтэд зарлах аж.