БАНК ДАМПУУРУУЛЖ, ОЛОН ИРГЭНИЙГ ХОХИРООСОН Б.УНДАРМААГИЙН НӨХӨР А.АРИУНБОЛДЫН ТЭНСЭН ХАРГАЛЗАХ ЯЛ АВАВ

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн нөхөр, Капитал банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ариунболд нар нь Монголбанкнаас тогтоосон банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, зээлийн төвлөрлийн зохистой харилцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллаагүйн улмаас Капитал банкийг төлбөрийн чадваргүй болгож, тус банканд мөнгөн хөрөнгө байршуулсан иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагад их хэмжээний хохирол учруулсан байдаг. Энэ хэрэг богино биш хугацаанд хуулийн байгууллагад шалгагдсаар, А.Ариунболд гэгчид  Эрүүгийн хуулийн 18.13 дугаар зүйлийн 2 /Банк хууль бусаар байгуулах, банкны төлбөрийн чадвар алдагдуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, энэ сарын эхээр 5 тэрбум 300 гаруй сая төгрөгийг хохиролд гаргуулах,  хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноосон байдаг.

Тэгвэл энэ хэргийн дуулиан намжаагүй байтал Хөгжлийн банкны зээлийн асуудлаарх гуравдахь өдрийн сонсгол дээр А.Ариунболдтой холбоотой өөр ноцтой баримтууд дэлгэгдэв.

КАПИТАЛ БАНКНЫ ЭЗЭД  ДАХИН ШИНЭ ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ ЭХЛЭХ НЬ

Тодруулбал, Ноолуур төслийн хүрээнд арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлийг хэлэлцэх үеэр Хөгжлийн банкнаас Капитал банк нь “Мөнххаан трейд” ХХК-нд 5 тэрбум төгрөгийг дамжуулан зээлдүүлэхээр гэрээ байгуулж авсан баримт байна.

Энэ асуудлаар өнгөрсөн удаад нотлох баримтыг хөөн шалгахад, Капитал банкнаас “Мөнххаан” трейд ХХК-нд зээл олгосон эсэх нь нотлогдоогүй буюу зээлийн хувийн хэрэг олдоогүй гэдгийг албанынхан тодотгов.

Гэвч дээрх ил гараагүй гүйлгээний баримт бичгүүд Хөгжлийн банкны шалгалтын явцад илэрчээ.Өөрөөр хэлбэл, “Капитал” банкин дээр “Мөнххаан трейд” ХХК-ийн дансруу мөнгө ороогүй, зээл олгогдоогүй, төлөлт ч хийгдээгүй гэсэн утгатай хоосон баримт байсан нь Хөгжлийн банкны баримт бичгээс худлаа гэдэг нь тогтоогдсон гэсэн үг.

Энэ нь Капитал банкны эзэд банкны хууль тогтоомжийг зөрчиж өөрсдийн хамаарал бүхий компанийн хувийн бичиг баримтыг устгасан, өөрчилсөн гэмт хэргийн шинжтэй асуудал болохыг шинжээч болон Түр хорооны дарга Б.Энхбаяр онцолсон юм.

Капитал банкны захирал асан А.Ариунболдыг энэ өдрийн сонсголд гэрчээр дуудсан боловч ирээгүй юм.

Б.УНДАРМААГИЙН ХАМААРАЛ БҮХИЙ “МОНГОЛ МАХ ЭКСПО” ХХК ХБ-НД ХУУРАМЧ ТАЙЛАН ГАРГАЖ ӨГСӨН ГЭЖ ШИНЖЭЭЧ ДҮГНЭВ

Үүгээр зогсохгүй, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий “Монгол мах экспо“ ХХК Хөгжлийн банкнаас авсан зээлээ 100 хувь зориулалт бусаар зарцуулсан гэж шинжээч дүгнэв.

“Монгол мах экспо” ХХК 2017 онд нь Хөгжлийн банкаас 37 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий зээлийн гэрээг 6 жилийн хугацаатайгаар байгуулсан байдаг. Гэвч эл зээлд шинжээчийн дүгнэлтээр зээлийг 100 хувийн зориулалт бусаар ашигласан гэж гарсан юм. 100 хувь зориулалтын бусаар ашигласан гэх 27 тэрбумаас 29 тэрбум төгрөгийг  “Капитал” банкны өөрийн хөрөнгөд, үлдэгдэл 2.7 тэрбум төгрөгийг “Монгол-Анар трейд” ХХК-ийн Капитал банкин дахь зээлийг хаахад ашигласан болох нь тогтоогдсон гэж шинжээчийн дүгнэлт гарчээ. Үүнээс гадна иргэн Б.Болормаагийн нэр дээрх хадгаламжийн данс руу 7.6 тэрбумын шилжүүлсэн, 11.2 тэрбумыг Ч.Дарьсүрэнгийн хадгаламжийн данс руу шилжүүлсэн байдаг.

Дээр дурьдсанчлан мөн л “Монгол мах экспо” компанийн зүгээс Хөгжлийн банкинд гаргаж өгсөн тайланг хуурамчаар бүрдүүлсэн гэх шинжээчийн дүгнэлт гарсанг танилцуулсан юм.

Мөн Бишрэлт групп ХХК, “Монгол эм импекс концерн” ХХК-тай хамтран Хатуу тунгагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуудлах төслөөр 2018 онд 7.27 тэрбум төгрөгийн зээл авсан нь Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийн үргэлжлэлийн нэг юм.

Бишрэлт групп ХХК-ийг Б.Ундармаагийн төрсөн хүү А.Чинбишрэлт, А.Чинсанаа нар хамтран эзэмшдэг бол “Монгол эм импекс концерн” ХХК-ийг Б.Ундармаагийн төрсөн дүү Б.Болормаа удирддаг юм.

ШИНЭ НӨХЦӨЛ ҮҮСЭВ: А.АРИУНБОЛД, Б.УНДАРМАА НАР ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭЛ АВААД, 3.1 ТЭРБУМЫГ НЬ БЭЛНЭЭР ЗАРЛАГАДЖЭЭ

ЖДҮ 888  хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн нөхөр А.Ариунболдын 100 хувийн хамааралтай “Нью Даниста Рөүд энд Констракшн” ХХК 7.2 тэрбум төгрөгийн зээл авсан. Үүнээс хувь хүний дансруу 3.1 тэрбумыг шилжүүлж, бэлнээр авч зарцуулалт хийсэн. Энэ бүгдийг өөрсдийн хувьцаа эзэмшдэг Капитал банкаар дамжуулж байсан гэхчлэн олон зүйл Хөгжлийн банкны хэргээр илэрч байгаа аж.