Өнөө маргаашдаа Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр цас орно. Харин энэ сарын 27-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна.

Нэгдүгээр сарын 26-30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 26-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 28-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд  зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна.

Салхи 26-нд Алтайн уулархаг нутгаар, 27, 28, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 27-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -20…-25 градус хүйтэн.

Увс нуурын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -12…-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -1…-6 градус, бусад нутгаар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -9…-14 градус хүйтэн байна.

Эх сурвалж: ЦУОШГ