Үндэсний аудитын газраас КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт, үр нөлөө, үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитыг холбогдох байгууллагуудыг хамруулан хийжээ.

Тодруулбал, Засгийн газар, ЗГХЭГ, Улсын Онцгой Комисс, Сангийн Яам, Эрүүл Мэндийн Яам, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Онцгой Байдлын Ерөнхий Газар, дүүрэг, өрхийн Эрүүл Мэндийн Төвийг хамруулсан байна.

Улсын Онцгой Комиссоос аудитаар баталгаажсан тайланг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

 Монгол Улсын Засгийн газрын дээрх хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд зориулж

  • 2020 онд 4.4 их наяд
  • 2021 онд 5.2 их наяд,
  • 2022 онд 1.6 их наяд,

нийт 11.2 их наяд төгрөг зарцуулсан байна.

Үүнээс эдийн засгийг идэвхжүүлэхэд 37.9, ажлын байрыг хамгаалахад 12.5, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад 13.2, иргэдийн орлогыг хамгаалахад 36.4 хувийг нь зарцуулжээ. Тухайлбал,

Иргэдийн орлогыг хамгаалахад:

2020-2021 онд 2.6 их наяд төгрөгийг зарцуулсны

  • 2 тэрбум 167.6 сая төгрөгийг хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэхэд,
  • халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 273.5 тэрбум,
  • малчин айл өрхөд ноосны урамшуулал олгоход 174.9 тэрбум, хүнсний талоны үнийг дүнг нэмэгдүүлэхэд 20.0 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад:

Зарцуулсан 1.2 их наяд төгрөгийг задалбал

  • эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээнүүдэд 1.01 их наяд,
  • дархлаажуулалтын аянд 111.7 тэрбум,
  • ЗГНС, ЗДНС-аас бэлэн байдлыг хангуулахад 39.9 тэрбум,
  • ЕБС, цэцэрлэгт ашиглагдах хүнсний материалыг зорилтот бүлэгт тараахад 1.2 их наяд төгрөгийг тус тус зарцуулжээ.

Цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэхэд:

Зарцуулсан 4.4 их наяд төгрөгийг задалбал:

  • төсвийн орлогын тасалдлыг гадаад эх үүсвэрээс нөхөж санхүүжүүлэхэд 2.1 их наяд,
  • цахилгаан, дулаан, ус, хог хаягдлын төлбөрийг чөлөөлөхөд 1.03 их наяд,
  • хатуу хөл хорио үед иргэн бүрд 300 мянган төгрөгийн дэмжлэг олгоход 997.9 тэрбум,
  • хүнсний болон эм, эмнэлгийн хэрэгслийг гаалийн албан татвар, импортын барааны НӨАТ-с чөлөөлөхөд 202.6 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.

2022 онд Цар тахлын үед 2020-2021 онд авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээ 2022 онд үргэлжлүүлсэн.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих нийгмийн хамгааллын зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн Газрын 167 дугаар тогтоолын дагуу

  • хүүхдийн мөнгөн тэтгэмжид 1.2 их наяд төгрөг,
  • нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж сар бүр 288 мянган төгрөг олгох болсонтой холбогдуулан 83.2 тэрбум төгрөг,
  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед айл өрхөд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 410 дугаар тогтоолын дагуу тодорхой шаардлагыг хангасан айл өрхийн цахилгаан, эрчим хүчний зардлыг 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл төр хариуцах болсонтой холбогдуулан 70.3 тэрбум төгрөгийн зардал тус тус гарсан байна.

Аудитын дээрх дүгнэлтийн талаар танилцуулах үеэр Шадар сайд С.Амарсайхан “Дөрвөн удаагийн хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоосон. Хөл хорио тогтоож, иргэдээ вакцинд шуурхай хамруулаагүй бол хамгийн багадаа 2.3 сая хүн халдвар авч, 20-40 мянган хүн нас барах байсан.

Хувийн хэвшлийн 240 мянган ажлын байрыг хадгалж, 72 мянган ажлын байр шинээр бий болсон. 2021-2022 онд улсын төсвийн болон Эрүүл Мэндийн Даатгалын Сангийн эрсдэлийн сангийн хөрөнгө оруулалтаар хүчил төрөгчийн 26 жижиг үйлдвэрийг ашиглалтад оруулсан. PCR шинжилгээний 30 лабораторитой болсон” гэлээ.

 

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл